“Pfizer” энгийн хөлдөөгчид хадгалах боломжтой вакцин гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /Axios/. АНУ-ын “Pfizer” компани энгийн хөлдөөгчид хадгалах боломжтой шинэ вакцин боловсруулж байгаа тухай тус компанийн ерөнхий захирал Альберт Бурла мэдээлсэн байна.
“Бид яг одоо вакциныхаа шинэ хувилбарыг гарган авахаар ажиллаж байна. Энэхүү вакциныг гүн хөлдөөгчид бус, энгийн хөлдөөгчид зургаан сар хүртэл хадгалж, тээвэрлэх боломжтой” гэж тэрбээр мэдээллийн “Axios” цахим хуудаст мэдэгджээ. Тус компани шинэ вакцинаа удахгүй танилцуулах аж.
Германы түнш “BioNTech” компанитай хамтран гарган авсан “Pfizer” компанийн вакциныг Цельсийн -60-аас -80 хэмд зургаан сар хадгалах боломжтой юм.
Үйлдвэрлэгчид энэ шаардлагаа сулруулж, Цельсийн -25-аас -15 хэмд тээвэрлэх, хадгалах боломжтой болгож өөрчлөх хүсэлтээ хоёрдугаар сард АНУ-ын Хүнс, эмийн удирдах газарт /FDA/ хүргүүлжээ. FDA одоогоор тус компанийн өгсөн мэдээллүүдийг шалгаж байгаа аж.