Францад насанд хүрсэн бүх хүнийг вакцинжуулж эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /France24/.
Францад энэ сарын 31-нээс 18 болон
түүнээс дээш бүх иргэн “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамрагдах боломжтой болно гэж тус улсын Ерөнхий сайд
Жан Кастекс пүрэв гарагт мэдэгджээ. Энэ нь урьд нь төлөвлөж байснаас хоёр долоо
хоног орчмын өмнө гэсэн үг юм.
Ж.Кастекс Парис
хотын ойролцоох вакцинжуулалтын цэгийн үйл ажиллагаатай биечлэн танилцах үеэрээ
ийнхүү мэдэгдсэн байна. Түүнчлэн багш, цагдаа, худалдагч, автобусны жолооч зэрэг ажилтнуудыг тавдугаар сарын 24-нөөс вакцинжуулалтад хамруулна гэдгийг мэдээлжээ.
Засгийн газар
ард иргэдээ вакцинжуулах зорилтдоо хүрэхийн тулд вакцин хийлгэх нөхцөл, насны хязгаарыг
саяхнаас сулруулжээ. Мөн лхагва гаргаас кафе, зоогийн газруудад гадаах
талбайдаа үйлчлүүлэгч хүлээн авахыг зөвшөөрч, оройн 19 цагаас хөл хорьж байсныг
21 цаг болгон хойшлуулсан байна.
“COVID-19” халдварын үзүүлэлтүүд буурч байгаатай холбогдуулан хязгаарлалтуудыг аажмаар сулруулж буй Францад лхагва гаргийн байдлаар 3862 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нь сарын өмнөхөөс 2000 гаруйгаар буурсан үзүүлэлт юм.
Францын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, улсын хэмжээнд 21.5 сая гаруй хүн буюу нийт
хүн амын гуравны нэг орчим нь вакцины эхний тунг хийлгэсэн байна.