Дэлхийн хүн амын 10 хувь нь вакцинд хамрагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-05-27 15:29:52

ТОКИО. /NHK/. Дэлхийн хүн амын 10 хувь нь коронавирусний вакцины эхний тунд хамрагдаад буйг Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын тайлан мэдээлэл харууллаа.


Our World in Data” цахим хуудсанд мэдээлснээр, энэ сарын 25-ны өдрийн байдлаар дэлхий нийтийн 10.1 хувь нь ядаж нэг тун вакцин хийлгэжээ. Үүнд баталгаатай тоон мэдээллээ танилцуулаагүй улс орон, бүс нутгийг хамруулаагүй байна.  


Вакцинжуулалтын хурдаараа дэлхийд тэргүүлж буй Израилд нийт хүн амын 62.9 хувь нь вакцины эхний тунд хамрагдсан бол Их Британид энэ үзүүлэлт 56.3 хувь, Монголд 56.2 хувь, Канадад 52.8 хувь, АНУ-д 49.1 хувьтай байна. 


Мөн коронавирусний вакцинд хүн амаа бүрэн хамруулсан үзүүлэлтээр Израил /59.2 хувь/, Бахрейн /43.1 хувь/, Чили /40.6 хувь/, АНУ /39.2 хувь/ зэрэг орнууд эхний байрт бичигдэж байна. 


Гэвч вакцины хүртээмж тэгш бус байгаа нь коронавирусний эсрэг дэлхий дахины тэмцэлд тулгамдсан асуудал болж буй бөгөөд хөгжиж буй олон оронд вакцины нөөц хангалтгүй байгаа юм.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс ирэх есдүгээр сар гэхэд бүх улсын хүн амын хамгийн багадаа 10 хувийг нь вакцинжуулахад дэмжлэг үзүүлэхийг гишүүн орнууддаа хандан уриалсаар байгаа билээ. 

Связанные новости