Их Британид Энэтхэгт анх илэрсэн хувилбараар халдварласан тохиолдлын тоо нэмэгдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-05-28 18:30:27

ЛОНДОН. /The Guardian/. Их Британид “COVID-19”-өөр шинээр халдварласан тохиолдлуудын дөрөвний гурав нь Энэтхэгт анх илэрсэн хувилбартай холбоотой байна гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок пүрэв гарагт мэдээлжээ.


Английн Нийгмийн эрүүл мэндийн газраас мэдээлснээр, ийм тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногийнхоос 3535-аар нэмэгдэж 6959-т хүрсэн байна.


“Хязгаарлалтуудыг сулруулж байгаатай холбоотойгоор халдварын тохиолдлын тоо нэмэгдэж болзошгүй гэдгийг Засгийн газар таамаглаж байсан. Одоогоор халдварын тохиолдлууд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн хооронд холбоо хамаарал байгаа эсэхийг тогтоох нь чухал байна” гэж М.Хэнкок хэлжээ.


Их Британид пүрэв гарагт халдварын 3542 тохиолдол шинээр илэрч, 10 хүн нас баржээ. Ингэснээр халдварын тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 3000 давсан бөгөөд дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш анх удаа ийм үзүүлэлтэд хүрсэн байна. Өнгөрсөн долоон хоногийн хугацаанд халдварын тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоосоо 20.5 хувиар өсжээ. 

Связанные новости