ХБНГУ-аас 413 сая төгрөгийн үнэ бүхий амны хаалтыг хүмүүнлэгийн тусламж болгон нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-28 23:36:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх, сэргийлэхэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг хүлээлцэх ёслол ЭМЯ-нд өнөөдөр боллоо.


Энэхүү ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Сергей Диордица болон бусад албаны хүмүүс байлцав. 


Хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХБНГУ-ын Холбооны Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын Женев хот дахь Төв офис хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраар дамжуулан 145 068 ам.доллар буюу 413 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 462 мянган ширхэг мэс заслын амны хаалтыг хүмүүнлэгийн тусламж болгон нийлүүлж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ажил болж байгааг онцлон хэлж, талархал илэрхийллээ.


Тэрбээр ДЭМБ-аас КОВИД-19 халдварын эхэн үеэс дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж бодис, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийг удаа дараа хүлээлгэн өгсөн нь Монгол Улсад халдварт цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.

Элчин сайд Ёорн Розенберг хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг онцлоод ХБНГУ нь Олон улсын вакцины хангамжийн КОВАКС хөтөлбөрт 2.2 тэрбум еврогийн санхүүжилтийг дангаар оруулсан хамгийн гол донор улс болохын зэрэгцээ Монгол Улсад КОВИД-19 халдварын эсрэг хариу арга хэмжээнд зориулан нийт 2.7 сая еврогийн дэмжлэг үзүүлээд байгаагаа мэдэгдлээ.

ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица хэлсэн үгэндээ, ХБНГУ-ын Холбооны ЭМЯ-тай хамтран хувийн хамгаалах хэрэгсэл-амны хаалтыг нийлүүлж байгаа нь КОВИД-19 халдвараас сэргийлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Цаашид ДЭМБ-аас хамтын ажиллагааг өргөжүүлж, бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. 

Энэ үеэр хүмүүнлэгийн тусламжийг хүлээлцэх баримт бичигт гарын үсэг зурсан юм.


 

Связанные новости