Токиод дахин онц байдал тогтооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-07-08 18:24:59

ТОКИО. /NHK/. Токио, Осака болон бусад найман мужид хэрэгжүүлж буй халдварын тархалтын эсрэг арга хэмжээ ням гарагт дуусахтай холбогдуулан Японы Засгийн газар Токио хотод дөрөв дэх удаагаа онц байдал зарлахаар боллоо.


Японы Засгийн газар халдварын тоо нэмэгдэж байгаа Токио хотод онц байдал тогтоож тархалтын эсрэг арга хэмжээг чангатгахаар төлөвлөж байгаа юм.


Лхагва гарагт Японд 920 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өнгөрсөн тавдугаар сарын дунд үеэс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ясүтоши Нишимура мэдэгдэлдээ дурджээ.

 

Үүнээс гадна зүүн Чиба, Сайтама, Канагава, баруун Осака мужид халдварын дэгдэлттэй тэмцэх чангатгасан арга хэмжээг 8 дугаар сарын 22-ныг хүртэл сунгаж, мөн хугацаанд өмнөд Окинава мужид онц байдлын дэглэмийг сунгах аж.

 

Түүнчлэн халдварын тохиолдлыг бууруулах зорилгоор паб болон ресторанууд согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох, тус газруудыг орой 8 цагт хаах хүсэлтийг тавих бөгөөд эдгээр байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авна гэдгийг мөн дурджээ.


Засгийн газар халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон бусад шинжээчийн саналыг сонссоны дараа албан ёсоор шийдвэрээ гаргах талаараа өмнө нь мэдэгдээд байсан юм.


Японы Засгийн газрын шинжээчдийн зөвлөлөөс онц байдлын дэглэмтэй холбоотой төлөвлөгөөг баталсан байна.


Шинжээчдийн зөвлөл Токио, Осака болон бусад найман мужуудад чиглэсэн халдварын тархалтыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ дуусахаас гурван өдрийн өмнө ийнхүү хуралджээ.


Халдварын тархалт нэмэгдэж байгаа тул Токио хотод даваа гарагаас эхлэн наймдугаар сарын 22-ныг хүртэл онц байдал тогтоох Засгийн газрын төлөвлөгөөний талаар эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ясүтоши Нишимура мэдэгдэж байсан. Ингэснээр 7 сарын 23-наас 8 сарын 8-нд болох Токиогийн олимпын наадмын үеэр тус хотод онц байдлын дэглэм үйлчилнэ гэсэн үг юм.


Онц байдлын дэглэм тогтоосон мужуудад зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд оролцогчдын тоог 50 хувь буюу 5000-аар хязгаарлахаар болж байна.


Уг төлөвлөгөөг пүрэв гаргийн үдээс хойш эцэслэн шийдвэрлэж, гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Сүга Ёшихидэ хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулна.

 

Связанные новости