Топик шалгалтыг 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт /ТОПИК/-тай холбоотой мэдээллийг албан бичгээр ирүүлсэн байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын ТОПИК Шалгалтын хороотой гурвалсан уулзалтыг зохион байгуулсан бөгөөд ТОПИК шалгалтыг зохион байгуулдаг БНСУ-ын Олон Улсын Боловсролын хүрээлэнгээс улс орон даяар 78 дугаар шалгалтыг энэ оны 10 дугаар сарын 17-нд авахаар төлөвлөөд байна.
Нэмж дурдахад ТОПИК нь Монгол улсад жил бүрийн 11-р сард болон 4 сард тус тус нэг удаа шалгалт авдаг бөгөөд шалгалт эхлэх өдрөөс 3 сарын өмнө бүртгүүлсэн байх хэрэгтэй юм. Энэ жилийн 4 дүгээр сард болох байсан ТОПИК-ын шалгалт Ковид-19 цар тахлын улмаас ийнхүү хойшлоод байгаа юм.
Солонгос хэлний
түвшин тогтоох шалгалтын үнэлгээний түвшин нь анхлан суралцагчдад зориулсан
TOPIK I(1~2 түвшин), дунд, дээд шатныхад зориулсан TOPIK II(3~6 түвшин) гэж
хуваах ба шалгалтын онооноос хамааран өгсөн шалгалтын холбогдох түвшин
тодорхойлдог байна.