Хонгор сумын нутагт арван толгой монгол тарвага тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-07-24 14:57:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ан амьтны мэргэжлийн байгууллага болох"Амьтан асралт" ХХК, "Амьтны эрх хамгаалах нийгэмлэг" ТББ хамтран арван толгой Монгол тарвагыг Хонгор сумын 2 дугаар багийн нутагт сэргээн нутагшуулахаар тавьжээ.


Хустайн байгалийн цогцолбор газраас барьж авсан эдгээр тарвагыг сэргээн нутагшуулах ажлыг Дархан-Уул аймгийн БОАЖГ зохион байгуулсан байна. 


Тарвага нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэгт чухал үр нөлөөтэй. Мөн бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой аж.


Монгол тарваганы биеийн урт 37-63 см, сүүл нь 9-16 см, биеийн жин их, лагс, цулмаг амьтан. Эрийг бурхи, эмийг тарч, төлийг мөндөл, 2 настайг хотил, 3 настайг шар хацар гэхчлэн нэрлэнэ. Тарвага өвслөг ургамал ихтэй өндөр уулын бэл, голын хөндийгөөр түгээмэл бий. Төрөл бүрийн өвслөг ургамал, цох, дэвхрэг зэргээр хооллоно. Амьдралын ихэнх хугацааг нүхэнд өнгөрөөх бөгөөд 10 дугаар сарын сүүлээс дараа оны гуравдугаар сарын дунд үе хүртэл ичнэ. Хавар ичээнээс гармагц ороо хөөцөлдөө нь эхэлж, тарч нь 5-6 сард 3-6 мөндөл гаргана.


Сүүлийн 20 жилд зах зээлд үнэ хүрдэг арьснаасаа болж тарваганы тоо толгой эрс цөөрч маш ихээр хорогдсон бөгөөд 2006 онд тарваганы хамгийн их тархацтай газруудыг хамруулаад Төв, Баянхонгор, Өвөрхангай аймагт судалгаа явуулахад 22 мянга гаруй байжээ.



Связанные новости