"Түр хасав" тэмдэглэгээг хасуулснаар саналаа өгч болно
МОНГОЛЫН МЭДЭЭУлсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Түр хасав" тэмдэглэгээтэй иргэд санал авах тэмдэглэгээнээс хасуулж саналаа өгөх эрхтэй" хэмээн мэдээлэв.
Ээлжит сонгуультай холбогдуулж тус байгууллага сонгуулийн насны иргэдийн жагсаалтыг хуулийн хугацаанд гаргажээ. Нийт 1.912.901 сонгогчийг бүртгэжээ. Түүнчлэн хилийн чанадад ажиллаж сурч байгаа болон түр хугацаанд ажиллахаар явсан иргэдийг сонгогчийн жагсаалтаас “Түр хасав” гэсэн тэмдэглэгээтэй оруулсан аж. Түүнчлэн хорих ангид ял эдэлж байгаа, түр саатуулах байранд саатуулагдсан иргэд, сонгогчийн жагсаалтад “Түр хасав” гэсэн тэмдэглэгээтэй байгаа гэнэ. Ийм тэмдэглэгээтэй иргэд 85.922 байгаа тухай мэдээллийг улстөрийн намуудад нээлттэй хүргэв.
Энэ сарын 3-21-ний хооронд 897 хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлж, 185 иргэн харьяатаас гарч, шинэчилсэн болон хаягийн бүртгэлд гүйцээж орсон 264, мөн гадаадад зорчиж байсан болон хорих саатуулах байрнаас гарсан 1685 иргэнийг “Түр хасав” тэмдэглэгээнээс хасч үндсэн сонгогчийн бүртгэлд оруулжээ.
Сонгогчийн шилжүүлэг хийх хүсэлтийг нийт 21.199 иргэн гаргасан бөгөөд эдгээрээс 18.309 нь энэ сарын 18-ны дотор санал өгөх газартаа бүртгүүлснээр өгөх эрх нээгдсэн байна. Сонгогчийн шилжүүлгийг ерөнхий байдлаар нь ажиглахад тухайлсан 4 аймгийн нэгж тойргуудад сонгогчийн шилжүүлэг түлхүү хийжээ. Үүнд, Архангай аймагт 1341 сонгогч, Баянхонгор аймагт 2261 сонгогч, Увс аймагт 3300, Хөвсгөл аймагт 2985 шилжиж очсон гэдгийг газрын дарга хэллээ.
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр