Нийслэл орчимд он гарсаар 665 удаа газар хөдөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжил буурахгүй байна. Энэ талаар өнөөдөр хуралдсан Нийслэлийн Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөлөөс мэдээллээ.
Улаанбаатар хот орчимд энэ оны эхний хагас жилд 665 газар хөдлөлт бүртгэгджээ. Өмнө нь буюу 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдөлдөг байсан бол 2012 онд 4 дахин их, 2013 онд 10 дахин их бүртгэгджээ. Энэ жилийн үзүүлэлт нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжил буурахгүй байгааг харуулж байна.
Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5, гуравдугаар сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт 5.5, долоодугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 5.2 магнитутын хүчтэй газар хөдөлсөн нь нийслэлийн иргэдэд мэдрэгджээ.
Тиймээс газар хөдлөлтийн үед иргэдийн авах арга хэмжээний талаар нэгдсэн ойлголт, мэдээллийг өргөн хүрээнд, тогтмол бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр иргэдэд хүргэх шаардлагатайг НОБГ-аас онцолсон юм. Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийн дуут дохио бүхий 15 цамхаг нэмж байгуулах, нийслэлийн өмчийн хөрсний хурдатгал хэмжигч багаж, тоног, төхөөрөмжийн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг дээд зэргээр хангахад анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон талаар НОБГ-аас мэдээллээ.
Р.Батхишиг