Афганистанаас америкчуудыг нүүлгэн шилжүүлэх ажил 31 гэхэд дуусна гэж найдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /CBS/. Америкийн цэргүүд төлөвлөсний дагуу наймдугаар сарын 31 гэхэд Афганистанаас АНУ-ын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг дуусгаж чадна гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден найдаж байна.
Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жейк Салливан телевизийн “CBS” компанийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ.
"Ерөнхийлөгч Афганистаныг орхин явах хүсэлтэй америк хүн бүрийг тус улсаас гаргах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзэж байна. Бид үүнийг наймдугаар сарын 31 гэхэд биелүүлж чадна гэдэгт тэрбээр итгэж байгаа" гэж Жейк Салливан "нүүлгэн шилжүүлэх ажлын хугацааг Америкийн удирдагч сунгах эсэх тухай асуултад хариулахдаа хэлжээ. Байдены туслахын тодруулснаар, Афганистанаас явах хүсэлтэй Америкийн иргэд өөрсдөө Кабулын нисэх онгоцны буудалд очих ёстой аж.
Үүний зэрэгцээ тэрбээр Афганистанд одоо АНУ-ын яг хэчнээн иргэн байгааг хэлж чадаагүй байна.
Ням гаргаас хойш АНУ Кабулаас 7000 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Итали иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажил дууссаныг зарласан бол Их Британийн хувьд дуусах дөхөж байгаа аж.