Минж агнахын эсрэг хамтран ажиллахыг хүсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-08-25 11:22:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгальд нутагшуулсан минжийг агнахыг завдах тохиолдол гарч болзошгүй тул тухайн бүсэд амьдардаг малчин, аялал зугаалгаар явж буй иргэд холбогдох мэдээллийг 11-323780 утсанд өгч, хамтран ажиллахыг нийслэлийн БОГ-аас хүсжээ.


Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр болсон Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэн, экосистемийн доройтлыг багасгаж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 оноос Евразийн минжийг өсгөн, Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голд 57 бодгалийг нутагшуулж байна.


Минж нь Амьтны тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1 дэх заалт болох “Нэн ховор амьтны” жагсаалтад багтдаг. Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.2-т "Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Связанные новости