Ирэх сарын сүүлээр халдварын гурав дахь давлагаа эхлэх магадлалтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-27 12:42:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад бүртгэгдэж байгаа коронавируст өвчлөлийн 72.5 хувь нь хөдөө, орон нутагт, 27.5 хувь нь Улаанбаатар хотод илэрч байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа цар тахлын нөхцөл байдлын мэдээг танилцуулахдаа мэдээллээ.


Тэрээр өнөөдөр ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, "Монгол Улсад бүртгэгдэж байгаа өвчлөлийн 72.5 хувь нь хөдөө, орон нутагт бүртгэгдэж байна. Ялангуяа Баян-Өлгий, Говьсүмбэр, Дархан-Уул, Ховд зэрэг аймагт өвчлөлийн түвшин хамгийн өндөр бүртгэгдсэн. Түүнчлэн цаашид Баян- Өлгий, Ховд, Дархан-Уул, Дорнод, Булган, Сэлэнгэ, Говь-Алтай, Увс зэрэг аймагт тохиолдлын тоо өсөх хандлагатай байна. Харин Улаанбаатар хотын өвчлөлийн нөхцөл байдлыг энэ сарын 20-ны байдлаар авч үзэхэд дараагийн 14 хоногт ямар нэг арга хэмжээ аваагүй тохиолдолд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 600-гаас дээш гарах магадлалтай гэх тооцоолол гарсан" гэв.


Мөн вакцины үр нөлөө ямар байгааг танилцуулахдаа "Вакцины үр нөлөө дельта хувилбарын үед буурч байгаа. Вакцины үр нөлөө буурахад нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх тухай тооцоо хийхэд, вакцины үр нөлөө 17.5 хувиар буурахад дельта хувилбарын тархалтын оргил үе ирэх сарын 20-25 орчимд ажиглагдана. Тухайн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 1700-2500 орчим болох эрсдэлтэй. Түүнчлэн вакцины үр нөлөө 25 хувиар буурсан тохиолдолд дельта хувилбарын давалгааны хамгийн оргил үе мөн адил ирэх сарын 20-25 байх бөгөөд  өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 2500-3500-д хүрэх тооцоо гарсан" тухай тодотгов.


Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг илрэх хувь 7 дугаар сарын эхээр тогтворжиж, нэлээд буурсан ч наймдугаар сарын эхээс халдварын тохиолдол нэмэгдсэн. Сарын эхнээс өнөөдрийг хүртэл халдварын тоо тогтмол нэмэгдэж байгаа билээ.


Тодруулбал, шинжилгээнд эерэг эзлэх хувь нийслэлд 6 дугаар сард 30 хувьд хүрч байсан бол 7 дугаар сарын сүүл, наймдугаар сарын эхэн гэхэд 10 орчим хувь болж буурсан. Харин орон нутагт шинжилгээнд эерэг эзлэх хувь тогтмол өсөж байгаа бөгөөд хамгийн сүүлийн байдлаар 30-аас дээш хувьтай байгаа аж.


ХӨСҮТ-д ПГУ-д суурилсан дельта хувилбар илрүүлэх шинжилгээг энэ онд нийт 951 сорьцод хийхэд 25 орчим хувь нь эерэг гарсан. Харин энэ сарын 21-ний байдлаар нийт эерэг илэрсэн тохиолдлоос түүвэрлэн авч шинжилгээ хийхэд 34.7 хувьд дельта хувилбар илэрчээ. Эдгээр тохиолдлын 37.4 хувь нь  хүндэрч эмнэлэгт хэвтсэн байна.




Связанные новости