АНУ-ын хүн амын 61 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-08-27 12:43:30

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-д “COVID-19”-ийн вакцины 364 842 701 тунг тариад буйг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв пүрэв гарагт мэдээллээ. Ингэснээр 202.5 сая гаруй хүн вакцины эхний тунд, 171.7 сая хүн хоёр тунд бүрэн хамрагджээ.


Тодруулбал, АНУ-ын хүн амын 61 хувь нь вакцины наад зах нь нэг тунд хамрагдаад байгаа бол 51.7 хувь нь бүрэн тунд хамрагдсан байна. Мөн 12 болон түүнээс дээш насны хүн амын 71.3 хувь нь нэг тунд, 60.5 хувь нь хоёр тунд бүрэн хамрагджээ. Түүнчлэн 18 болон түүнээс дээш насныхны 73.4 хувь нь эхний тунг, 62.7 хувь нь хоёр тунг хийлгэсэн байна.


Харин 65-аас дээш насны иргэд вакцинд хамгийн идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд тэдний 91.6 хувь нь эхний тунг тариулсан бол 81.3 хувь нь бүрэн тунд хамрагджээ. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд нийт 430 118 615 тун вакцин түгээгээд байна. 

Связанные новости