Канадад “Moderna”-гийн вакциныг өсвөр насныханд хэрэглэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-08-28 15:40:10

ОТТАВА. /CBC/. Канадын Эрүүл мэндийн яам “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакциныг өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрч буйгаа баасан гарагт мэдэгдэв.


“Энэхүү вакцины талаарх мэдээлэлд нарийвчилсан, бие даасан шинжлэх ухааны судалгаа хийсний дүнд 12-17 насны хүүхдүүдийг халдвараас урьдчилан сэргийлэхэд аюулгүй, үр дүнтэй хэмээн дүгнэлээ” гэж Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн газраас мэдэгджээ.


Канад “Pfizer-BioNTech”-ийн вакцинд тавдугаар сарын эхээр 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрөл олгосон юм. Уг вакциныг 2020 оны 12 дугаар сард 16 болон түүнээс дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд тухайн сардаа “Moderna”-гийн вакцинд 18-аас дээш насныханд тарих зөвшөөрөл олгосон билээ.


Moderna” компани өсвөр насны 3700 хүүхдийг хамруулсан эмнэлзүйн туршилтынхаа үр дүнд тулгуурлан вакцинаа 12-17 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрөх хүсэлтийг зургаадугаар сарын эхээр Канадын холбогдох байгууллагуудад гаргажээ. Энэхүү туршилтад оролцсон хүүхдүүдийн дунд халдварын нэг ч тохиолдол илрээгүй юм.


Pfizer”-ийн вакциныг өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрөх шийдвэрийг хэдхэн долоо хоногийн дотор гаргасан Канадын Эрүүл мэндийн яам “Moderna”-гийн вакцинд зөвшөөрөл олгохдоо яагаад хоёр сар гаруйн турш судалгаа хийснээ тайлбарлаагүй байна.


Европ “Moderna”-гийн вакцинд өсвөр насныхныг хамруулах зөвшөөрлийг сар гаруйн өмнө олгосон бол АНУ ийм зөвшөөрлийг хараахан олгоогүй байгаа юм. 

 

Связанные новости