Африкт халдварын тархалт нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-09-09 13:50:03

АДДИС-АБЕБА. /Anadolu/.  Африкт өдөрт бүртгэгдэж буй коронавирусний халдварын тохиолдол болон нас баралтын тохиолдол лхагва гарагт нэмэгдсэн гэж тус тивийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.


Тодруулбал, лхагва гарагт 605 хүн халдварын улмаас нас барж, нийт нас барсан тохиолдлын тоо 200741-д хүрсэн бол халдварын 17441 тохиолдол шинээр илэрснээр нийт тохиолдлын тоо 7.95 саяд хүрсэн байна.


Халдварын тархалтыг газар зүйн бүсээр авч үзвэл, коронавирусний тохиолдол анх илэрснээс хойш Өмнөд Африкт 3.8 сая гаруй, Хойд Африкт 2.4 сая, Зүүн Африкт 927900, Баруун Африкт 617300, Төв Африкт 222100 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.


Одоогийн байдлаар Африкийн орнуудын хүн амын 2.93 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан бол хүн амын 4.85 хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ.


Африкийн улс орнуудаас Марокко вакцинжуулалтын үзүүлэлтээр тэргүүлж байгаа бөгөөд 33 сая орчим тун вакцин тарьжээ.


Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, ойролцоогоор 37 сая хүн амтай тус улсад нийт хүн амын 50.24 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 40.06 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна.    

Связанные новости