Сиднейд хөл хориог сулруулах төлөвлөгөөг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАНБЕРРА. /BBC/.
Австралийн хамгийн том хот болох Сиднейд “COVID-19”-ийн
вакцинжуулалтын түвшнийг харгалзан ирэх сараас хөл хориог сулруулах төлөвтэй
байна.
Шинэ Өмнөд Уэльс
мужийн нийслэл хотод “Дельта” хувилбарын тархалтын улмаас долоодугаар сараас
хойш хөл хорио тогтоогоод буй юм.
Тийнхүү мужийн
засаг захиргаа хязгаарлалтуудыг сулруулах төлөвлөгөөг пүрэв гарагт
танилцуулжээ. Үүнд, мужийн насанд хүрсэн хүн амын 70 хувь нь вакцины хоёр тунд хамрагдах
үеэс төлөвлөгөөг хэрэгжүүлнэ хэмээн бичжээ.
Шинэ Өмнөд Уэльст
пүрэв гарагт халдварын 1400 гаруй тохиолдол шинээр илэрсэн нь өдөрт бүртгэгдсэн
хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
“Оршин суугчдын дийлэнх хувийг вакцинд хамруулсны дараа хүмүүс вирустэй нийгэмд дасан зохицох хэрэгтэй” хэмээн мужийн Тэргүүн сайд Глэдис Бережиклян мэдэгдсэн байна.
Тэрбээр хөл
хориог сулруулах тодорхой товыг тогтоохоос татгалзсан ч вакцинжуулалтын түвшин
70 хувьд хүрсний дараагийн долоо хоногийн даваа гаргаас хэрэгжүүлэх боломжтой гэж
хэлжээ.
Одоогийн байдлаар
мужийн насанд хүрсэн хүн амын 43 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдаж, 75 хувь
нь эхний тунг хийлгээд байгаагаас үзэхэд дээр дурдсан үзүүлэлтэд ирэх сард
хүрэх төлөвтэй байна.
Хөл хориог
сулруулснаар дэлгүүр, зоогийн газруудад тодорхой тооны үйлчлүүлэгч хүлээн
авахыг зөвшөөрнө. Г.Бережикляны мэдээлснээр, сургуулиудын сургалтыг 10 дугаар
сарын 25-наас сэргээх ажээ.
Мөн вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс дараах
давуу эрхтэй болно. Үүнд, нэг гэрт таван зочин хүлээн авах, гадаа талбайд 20 хүн
цуглах, ээлжлэн бие биеэ машинаар хүргэх, мужаар аялах зэрэг багтаж байна.
Үүний зэрэгцээ
зоогийн газар, кафе, баар, жижиглэн худалдааны дэлгүүр, бялдаржуулах төв,
спортын байгууламжууд, үсчин, салон, кинотеатр, галерей, театр, музей, сүм, цэнгэлдэх
хүрээлэн, парк нээгдэнэ.
Хүмүүс вакцинд
хамрагдсанаа хэрхэн нотлох нь одоогоор хараахан тодорхойгүй байгаа ч вакцинжуулалтын
паспорт юм уу гар утасны хавсралт гаргах талаар хэлэлцүүлэг өрнөж байгаа ажээ.