Уран Дархчуудын үзэсгэлэнг 3 жил тутамд нэг удаа гаргаж байх зарлиг гаргана гэв
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол уран дархан” үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.
Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” холбооны тэргүүн С.Батзоригт үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ монгол уран дарханы урлал Хүннү гүрний үеэс эхтэй гэдгийг тодотгоод өнөө цагт улсын хэмжээнд 3000 орчим дархчууд энэхүү уламжлалыг үргэлжлүүлж авч яваа. Мөн 20 гаруй соёлын үйлдвэрлэл дагнан эрхэлдэг үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг болохыг дурдав.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Монголчууд үнэхээр гайхалтай өв соёлтой ард түмэн. Их түүхийг бүтээсэн ард түмэн л ийм сайхан өв соёлтой байдаг. Их өв соёл нь эргээд агуу түүхийг бүтээхэд тусалдаг. Би хувьдаа урлаг, уран дархчуудын бүтээлийг сонирхон биширдэг. Монголчуудын өвөг дээдэс ямар агуу байсан юм. Хүннүгийн үеийн олдворуудыг харахад үнэхээр гайхалтай байдаг. Энэ эртний гайхамшигтай олдвороос харахад тухайн үед хүн төрөлхтөн хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн байсан мэт санагддаг.
Монголын өвөг дээдэс уран дархны чиглэлээр асар өндөр түвшинд хүрсэн. Уран дархчууд их хаадын үед ч байсан. Уран бүтээлээрээ шалгарч, ард олноо гайхуулсан хүмүүс олон байсан. Өндөр гэгээн Занабазарын өмнө ч агуу дархчууд байсан. Чингис хаан, бүр Хүннүгийн үед ч дархчууд байсан, учир нь дархны урлаг бол өвөг дээдсээс уламжлагддаг. Сайн дархны сайн шавь энэ ур чадварыг уламжлан авдаг. Иймээс уран дархны чадвар хэдэн зуун дамжин, хэдэн үеэр уламжлагдан ирдэг.
Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг яг адилхан дуурайгаад хийчих хүн Монголд битгий хэл дэлхийд байхгүй. Тэгэхээр эдгээр уран бүтээлүүдэд Монголын ард түмний охь шингэсэн гэж хэлж болно. Бидний энэ сайхан соёл бидний цусанд байдаг учраас, бид энэ соёлоо уламжлан үлдээдэг учраас монголчууд агуу юм. Аливаа ард түмнийг хүн амын тоогоор нь биш бүтээсэн соёлоор нь дүгнэдэг. Соёлын хувьд хөгжилтэй хөгжилгүй улс орон гэж ялгаддаггүй.
Тэгэхээр өв соёлын хувьд Монгол Улс дэлхийд тэргүүлэх эгнээнд явах боломжтой улс юм. Монголын төрийн тэргүүний хувьд энэ өв соёлыг дэмжих нь чухал. Монголын гайхамшигтай өв соёлын нэг бол бидний босоо бичиг. Монгол бичгийн үзэсгэлэнг бид жил бүр зохион байгуулдаг. Энэ өв соёлыг бид уламжлан үлдээх ёстой. Бид бичиг соёл, гайхамшигтай өвөөрөө дэлхийд ялгарна. Мөн дээрээс нь бид уран дархны соёлоороо ялгарна" гэлээ.
Ерөнхийлөгч энэ үеэр уг үзэсгэлэнг гурван жил тутамд нэг удаа зохион байгуулах тухай зарлиг гаргана гэдгээ мэдэгдсэний зэрэгцээ АСЕМ-ын чуулганы хүрээнд уран дархчуудынхаа эдгээр бүтээлийг гадны хэвлэл мэдээллээр дамжуулж дэлхийд түгээх боломж бий хэмээв. Дараа нь тэрбээр Ерөнхийлөгчийн нэрэмжит өргөмжлөлийг шилдэг уран дархчуудад гардуулж, уран дархчуудын дөш тахих ёслолд оролцов. Үзэсгэлэн нь энэ сарын 8 хүртэл үргэлжилнэ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал