Хо Ен Чон “Instagram”-д хамгийн олон дагагчтай БНСУ-ын жүжигчин болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
СӨҮЛ. /Insider/. Америкийн “Netflix” стриминг үйлчилгээгээр үзэгчдийн хүртээл болж буй “Squid Game” цувралын гол дүрийн эмэгтэй жүжигчин Хо Ен Чон “Instagram” нийгмийн сүлжээнд хамгийн олон дагагчтай БНСУ-ын жүжигчин болжээ.
Энэхүү цуврал нь өнгөрсөн сарын 17-нд олны хүртээл болсон бөгөөд Хо Ен Чоны дагагчдын тоо цуврал эхлэхээс өмнө 400000 орчим байсан бол өнөөдрийн байдлаар 15.8 саяд хүрээд байна.
“Netflix” стриминг үйлчилгээний хамгийн олон үзэгчтэй цувралаар нэрлэгдэх магадлал өндөр байгаа уг цувралд тэрээр Умард Солонгосоос зугтан гарч, Өмнөд Солонгос руу дүрвэсэн охины дүрийг бүтээжээ. Тэрээр дэлгэцийн уран бүтээлд бүтээсэн анхны дүрээрээ ийнхүү дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулаад байгаа юм.
Жүжигчин, загвар өмсөгч Хо Ен Чон “W Korea” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, цувралын эмэгтэй гол дүрийг бүтээхийн тулд шаргуу ажилласан болохоо дурдаад, “Би Умард Солонгосоос дүрвэсэн хүмүүсийн тухай олон баримтат кино үзсэн. Үүний зэрэгцээ багштайгаа Умард Солонгосын аялгаар ярих дасгал хийж, энэ талаар маш их судалсан” хэмээжээ.
"Би илүү
сайн жүжигчин болохын тулд улам илүү суралцаж, “Squid Game” цувралын амжилтанд
хэт их бардахгүй байхыг хичээж байна. Шүтэн бишрэгчдэдээ хандаж хэлэхэд, би өөрийгөө жүжигчний хувьд хэрхэн сайжирснаа дараагийн
уран бүтээлээрээ харуулах нь хамгийн зөв гэж бодож байна” гэж Хо Ен Чон "The
Korea Herald" сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.