Турк дотооддоо гарган авсан вакцины туршилтаа үргэлжлүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-12 13:11:21

АНКАРА. /Anadolu/. Туркт дотооддоо гарган авсан, “COVID-19”-ийн вакцины туршилт Измир мужид үргэлжилж байгаа талаар тус мужийн Эрүүл мэндийн газрын дарга, доктор Мехмет Бурак Октоп даваа гарагт мэдээлжээ.


Түүний хэлснээр, “Turkovac” вакцины туршилтын гуравдугаар үе шатны хүрээнд Измирийн гурван эмнэлэгт сайн дурынхныг вакцинд хамруулж байна.


“Эхний ээлжид бид 60-аас доош насны, “Sinovac”-ийн вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүст “Turkovac” вакциныг нэмэлт тун болгон тарьж байна. Удахгүй вакцинд хамрагдаагүй байгаа хүмүүст тарьж эхэлнэ” гэж М.Октоп сэтгүүлчдэд мэдээлжээ.


Туркийн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хүрээлэн, “Erciyes” их сургуулийн хамтран гарган авсан идэвхгүй вакцины нэг, хоёрдугаар үе шатны туршилт Туркт амжилттай явагдсан юм.


Саяхан Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа вакцин яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл хүсэх бэлтгэлийн шатандаа явж буйг мэдэгджээ. 

Связанные новости