“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл Ховд аймгийн дөрвөн сургуульд хэрэгжив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын нэг, хоёрдугаар сургууль болон Мөнххайрхан, Буянт сумын сургууль “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөлд хамрагджээ.
Улмаар Жаргалант сумын eрөнхий боловсролын нэгдүгээр сургууль дээр “Цахим сургалт-Чанартай боловсрол”, Хоёрдугаар сургууль дээр “Ухаалаг хэрэглээ зөв хэмнэлт” сэдэвт дэд төсөл хэрэгжүүлсэн байна. Харин Буянт сумын сургууль “Урлахуйн ертөнц”, Мөнххайрхан сумын сургууль “Судалъя, шинжилье, суралцъя, хөгжье” гэсэн төсөл хэрэгжүүлсэн юм.
“Тогтвортой хөгжлийн
боловсрол-II” төслийг Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ), Байгаль орчин,
аялал жуулчлалын яам (БОАЖЯ) болон Швейцарын хөгжлийн агентлаг хамтран
хэрэгжүүлдэг. Уг төслийн үйл
ажиллагаа 2019 оны 11 дүгээр сараас эхэлсэн бөгөөд дээрх дөрвөн сургууль тус бүрт 30
сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүний 7.5 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн
сангаас, 22.5 сая төгрөгийг БОАЖЯ, БШУЯ, Швецарийн хөгжлийн яамнаас санхүүжүүлсэн
байна.
Энэ төслийн хэрэгжилтэд
мониторинг судалгаа хийх,
үйл ажиллагааны үр дүнг нэгтгэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалт энэ сарын 27-нд боллоо.
“Тогтвортой хөгжлийн
боловсрол” төслийн хоёр дахь үе шатны үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэм,
эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, илүү сайхан ирээдүйг бий
болгоход чиглэж, чанартай боловсролыг дэмжиж ирснээрээ онцлогтой.
Ховд аймгийн тухайд тогтвортой
хөгжлийн боловсролыг дэмжсэн олон нийтийн оролцоот сургууль, цэцэрлэгийг хөгжүүлж,
сургууль бүхлээрээ ажиллах арга, хандлагыг үйл ажиллагаанд нь нэвтрүүлэх зорилгоор
“Тогтвортой хөгжлийн боловсрол” орон нутгийн дэд хөтөлбөрийг баталсан. Тус
хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлнэ.