Радио долгионоор хавдрыг түлэх эмчилгээний мастер класс 2021 сургалт болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын 2 дугаар төв эмнэлэг, Монголын радиологийн нийгэмлэгтэй хамтран өндөр давтамжит радио долгионоор хавдрыг түлэх эмчилгээний "Мастер класс 2021" сургалтыг 10 дугаар сарын 27-29-нд зохион байгуулав.
Өндөр давтамжит радио
долгионоор түлэх эмчилгээ буюу Radio frequency ablation /RFA/ эмчилгээ нь
зовиур багатай ялангуяа элэг, бөөр, уушги, бамбай булчирхай, нойр булчирхай,
умайн хавдруудыг бүрэн эмчилж эдгээх боломжтой орчин үеийн дэвшилтэт технологи
юм.
Уг эмчилгээг одоогоор
улсын хэмжээнд нэгдүгээр төв эмнэлэг, хавдар судлалын үндэсний төв, 2 дугаар
төв эмнэлэгт хийдэг бөгөөд "Мастер класс" сургалт явуулснаар цаашид нийслэлийн
дүүргийн болон хувийн эмнэлгүүд төдийгүй орон нутагт хийгдэх боломжийг бүрдүүлж
чадах юм.
Энэхүү сургалтыг цаашид цуврал байдлаар тодорхой давтамжтай явуулах бөгөөд хавдрын эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж төвлөрлийг сааруулахад ач холбогдолтой учраас ЭМЯ бодлогоор дэмжихээ илэрхийлсэн.
Сургалтын онцлог, давуу тал нь бодит орчинд зохиомол эрхтэн дээр гардан дадлага хийхээс гадна шууд дамжуулалтаар эмчилгээний явцыг харах боломжтой юм. Сургалтын 50 хувьд онолын буюу лекцийн хэсэг багтах бөгөөд БНСУ-ын Самсунг, Анам эмнэлгийн дэлхийн нэр хүндтэй профессорууд цахим лекц тавихаар төлөвлөсөн юм байна.