Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулбал Монгол Улс ирэх оноос уран олборлож, экспортолж эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад одоогийн байдлаар ураны 10 гаруй орд илэрч, 160 мянга орчим тонн батлагдсан нөөцтэй байна. Цаашид нөөцийн тоо нэмэгдэж, 1 сая тоннд хүрэх боломжтой.
Хэрэв ийм тооны нөөц батлагдвал Монгол Улсад атомын цахилгаан станц байгуулах боломж бүрдэнэ гэж физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр “Мон Атом” компаниас сэтгүүлчидтэй хийсэн “Баялгийн боломж ба эрсдэл” сэдэвт уулзалт дээр хэлэв.
Тэрээр, “Нэг кг цэвэр
уранаас гарах эрчим хүч нь 1 сая кг нүүрстэй тэнцдэг. Үүгээр ураны үр өгөөж, эдийн
засгийн өндөр ашгийг хэмжиж болно” хэмээн тодотгов. Атомын цахилгаан станцыг
тухайн улс орон дангаар шийдэн байгуулдаггүй. Олон улсын атомын энергийн
агентлагийн мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлдэг байна. Ураны боловсруулалт
эрсдэл ихтэй байдаг тул энд мэргэжлийн оролцоо, шинжлэх ухаанч байдлаар хандах
учиртайг тэрээр тодотгож байлаа.
Манай улс сүүлийн 60 гаруй жилд энэ талын физикчид, цөмийн энерги, цацрагийн мэргэжилтнүүдийг бэлтгэж ирсэн. ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн инситутийг хамтран үүсгэн байгуулагч орон гэдгийг тэрбээр дурдаад, байгалийн шинжлэх ухаанд суурилан монгол залуусыг физик, химийн шинжлэх ухаанаар сурган нарийн мэргэжил эзэмшүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Үүний үр дүнд өндөр эрсдэлтэй ураныг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх хүний нөөц болон техник, технологийн ололт амжилтыг эх орондоо нэвтрүүлж чадна гэв.
Монгол Улсын төрийн өмчит “Мон Атом”, Францын төрийн өмчит “Орано майнинг” групп, Япон улсын “Митсубиши” корпорац хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулбал Монгол Улс ирэх оноос уран олборлож, экспортолж эхэлнэ.
Атомын цахилгаан станцын гол түүхий эд болох ураны нөөцөөр Австрали, Канад, АНУ, Нигер зэрэг орон эхний байрт жагсдаг байна. Манай улсын хувьд ураны 70.000 орчим тонн нөөцтэйд тооцогдож буй нь Азид нэгд, дэлхийд 12-т орж байна. Тиймээс уг ашигт малтмалыг эдийг засгийн эргэлтэд оруулах, олборлон нийлүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж эхлүүлсэн. Үүний хүрээнд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт Зөөвч-Овоо ордод үйл ажиллагаа явуулж буй “Бадрах энержи” компани өдөрт 25 кг “шар нунтаг” туршилтаар олборлож буйг “Мон Атом” компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал мэдээллээ. Тус компани үйлдвэрлэлийн бүтээмжээ сайжруулан, бүрэн хүчин чадлаараа ажиллах бэлтгэлээ базааж буй бөгөөд ирэх оноос өдөрт 8000 кг-ыг олборлох боломж бүрдэх талаар компанийн төлөөлөгч Марк Мелеард тодотгов. Ийн ажиллаж эхэлбэл ТЭЗҮ-дээ нэмэлт тодотгол оруулж, Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах аж.
Сүүлийн 10 гаруй жил Монголд уран олборлосноор тухайн орон нутгийн мал, амьтан зүй бусаар хорогдож байна гэсэн мэдээлэл гарсаар ирсэн. Гэвч энэ нь биологийн болон мал эмнэлгийн зэрэг Засгийн газрын болон гадаад, дотоодын олон газрын шинжилгээгээр судалж үзэхэд батлагдаж нотлогдоогүй, шинжлэх ухааны үндэслэлгүй, ташаа зүйл болохыг шинжлэх ухааны доктор, профессор, академич, Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн ТББ-ын тэргүүн Я.Ганболд тавьсан илтгэлдээ онцолж байв. Энэ талаар “Мон Атом” компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал, ураны хайгуулын үйл ажиллагаа байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй эсэх талаар хяналт, шинжилгээ тасралтгүй явагдаж буйг нэмж дурдлаа. Хяналт шалгалтад МХЕГ, Тагнуулын ерөнхий газар, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг байгууллага оролцдог. Уран хайн, олборлосноор хүн, малын эрүүл мэндийг хордуулсан, ус, хөрс бохирдуулсан тухай албан ёсны баримт, нотолгоо байхгүй гэсэн юм.
Манай улсад Франц улсын
төрийн өмчит “Арева” групп 1996 оноос эхлэн өөрийн “Коже Говь” компаниар
дамжуулан Монголд ураны хайгуулыг хийж ирсэн юм. Тус компани Дорноговь аймгийн
Улаанбадрах суманд сүүлийн 10 жил тасралтгүй хайгуул хийж ирсний дүнд Дулаан уул
орд 6270 тонн, Зөөвч-Овоогийн орд 54.390
тонн ураны нөөцтэй хэмээн бүртгүүлээд байна. Манай улсын ураны нөөцийн тэн
хагасыг бүрдүүлж буй дээрх орд газруудын 34 хувийг Монгол Улсын төрийн өмчит “Мон
Атом” ХХК эзэмшиж байна. Харин 66 хувийг Францын төрийн өмчит “Орано майнинг” групп,
Япон улсын “Митсубиши” корпорац хамтран эзэмшдэг байна.
Нэг ёсондоо “Бадрах Энержи” ХХК-ийг Франц, Монгол, Японы хувь эзэмшигчдийн түншлэл гэж ойлгож болно. Дээрх компани газрын доор уусган баяжуулах технологиор олборлох туршилтын үйлдвэрээ энэ онд байгуулаад байна. Улмаар 2020 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр Монгол Улс уран олборлож, экспортолж эхэлнэ.