Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт энэ сарын 25-26-нд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ, МҮХАҮТ-аас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг энэ сарын 25-26-нд зохион байгуулна.
“Урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” (Inspire-Impact-Invest) уриатай энэ чуулга уулзалт нь Ерөнхийлөгч эмэгтэйчүүдийг дэмжсэн дөрөв дэх томоохон үйл ажиллагаа бөгөөд 25 улсын 230 гаруй зочин төлөөлөгч оролцох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан ярихдаа, "Монгол Улсын Ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг
хангах, ялангуяа шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэхэд манлайлал хэрэгтэй
гэж үзэж, өөрийн ивээл дор томоохон хурал, зөвлөгөөнүүд хийж байна. Тухайлбал, “Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага
хурал”-ыг 2022 онд, дэлхийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг
2023 онд, өнгөрсөн онд “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум”-ыг зохион байгуулсан. Харин энэ удаа “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ыг хийхээр
бэлтгээд байна. Энэ чуулга уулзалт Монгол Улсыг бүс нутгийн хэмжээнд жендерийн манлайлал, эмэгтэйчүүдийн эдийн засгийн
оролцоог дэмжигч улс орон гэдгийг дахин бататгаж, дэлхийн олон орны бизнес
эрхлэгч эмэгтэйд урам зориг, боломж, хамтын ирээдүйг бүтээх платформ болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
ГХЯ-ны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын захирал
Г.Өлзийсайхан ярихдаа, ”Уулзалтаар жендерт суурилсан эдийн засаг бизнесийн
бодлого, хүний нөөц, хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн зах зээлд өрсөлдөх
чадварыг нэмэх зорилготой сургалт, семинар зохион байгуулна. Мөн бизнес
эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг нийтлэг сорилтыг сонсож, хамтран шийдэхийг зорьж байна. Бодлогын түвшинд жендерт суурилсан эдийн засгийн дэмжлэг, хамтын ажиллагаа
бэхжиж, хил дамнасан түншлэл, хөрөнгө оруулалтын шинэ гарцуудыг нээнэ. Уулзалтын
үр дүнд эмэгтэйчүүдийн бизнес ур чадвар, манлайлал, стратегийн чадамж, хамтын
ажиллагаа улам бүр нэмэгдэх юм" гэв.
МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул “Хурлын үеэр томоохон хоёр үйл ажиллагаа болно. Нэгдүгээрт, олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг өргөжүүлэхэд тулгарч буй асуудал, санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа туршлага солилцож, оролцогчдоос дэмжлэг авахад анхаарна. Манай байгууллага Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн худалдааны төвөөс 1 сая ам.долларын буцалтгүй тусламж авч, шинэ платформ эхлүүлэхээр болсон. Старт-ап эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх тус платормын хүрээнд тэтгэлэг зарлана. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа, үйлчилгээг олон улсад сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилгоор үзэсгэлэн худалдааг энэ сарын 24-25-нд Сүхбаатарын талбайд гаргана. Үзэсгэлэнд 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч ноос ноолуур, гар урлал, IT технологи, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах юм. B2B уулзалтаар бизнесмэнүүд нүүр тулан уулзаж, харилцаа холбоо, санхүүжилтийн талаар хэлэлцэж, төслөө танилцуулах боломжтой. Хурлын хэлэлцүүлэг бүрээс зөвлөмж гаргаж, хэрэгжилтэд анхаарна” гэсэн юм.
Чуулганаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэх, манлайллыг төлөвшүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүү, хөрөнгө оруулалтын хүртээмж, дижитал өөрчлөлт ба инновац, ногоон хүртээмжтэй эдийн засгийг цогцлооход бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо, дижитал эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих сан зэрэг салбар хурал болох аж.