Францад сурагчид дахин амны хаалт зүүх шаардлагатай болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /France24/.
Францад сүүлийн өдрүүдэд “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсонтой
холбоотойгоор олон бүсийн сурагчид анги танхимдаа дахин амны наалт зүүх
шаардлагатай болжээ.
Тодруулбал, сар
орчмын өмнөхөн амны хаалт зүүх журмыг цуцлаад байсан Францын 101 департарментын
/засаг захиргааны нэгж/ 40-д нь үйл ажиллагаа явуулдаг бага сургуулиудад
энэхүү шаардлагыг тавьсан байна.
Засгийн газрын “COVID-19”-тэй тэмцэх протоколын дагуу таван
хоног дараалан 100 мянган оршин суугч тутамд халдварын 50-иас дээш тохиолдол
илэрсэн тохиолдолд бага сургуулийн сурагчид амны хаалт зүүх шаардлагатай болох
юм.
Европтоо вакцинжуулалтын
түвшнээрээ тэргүүлж буй орнуудын нэг болох Францад хүн амын 75 орчим хувь нь вакцинд
хамрагдаад буй боловч иргэдийн вакцинд хамрагдах идэвх зунаас хойш сулраад
байна.
Өнөө орой Францын
Ерөнхийлөгч Эмманюэль Макрон халдварын нөхцөл байдлын талаар долоодугаар сарын
12-ноос хойш анх удаа ард түмэндээ хандан үг хэлэх юм. Энэ үеэр тэрбээр 65-аас
дээш насныхан, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамруулж буй нэмэлт тунгийн явцын
талаар танилцуулах төлөвтэй байна.
Одоогийн байдлаар
вакцины нэмэлт тунд хамрагдах боломжтой хүмүүсийн тэн хагас орчим хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Ерөнхий сайд Жан Кастекс баасан гарагт “AFP” агентлагт, Засгийн газар “COVID-19”-ийн гэрчилгээнд нэмэлт тунд заавал
хамрагдах нөхцөлийг оруулах асуудлыг хэлэлцэж байгаа талаар мэдээлжээ.
Өнгөрсөн долоо
хоногт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Европт “COVID-19”
халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаад ихэд санаа зовниж буйгаа
илэрхийлээд, тус тивд ирэх жилийн эхэн үе гэхэд хагас сая хүн халдвараар нас барж
болзошгүйг анхааруулсан юм.