Нидерландчууд шинэ хязгаарлалтыг эсэргүүцэж, Герман Австрийг өндөр эрсдэлтэй бүсээр зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-11-14 12:31:49

ГААГ. /BBC/. “Covid-19”-ийн өвчлөл эрс нэмэгдсэнтэй холбогдуулан хэсэгчлэн хөл хорио тогтоох шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал бямба гарагт Нидерландын Гааг хотод болжээ.


Нидерландын цагдаа нар жагсаалд оролцогчдыг даралттай ус шүршигч ашиглан тараасан байна.


Цагдаа нартай мөргөлдөх тохиолдол Нидерландын нийгэмд маш ховор үзэгдэл боловч жагсагчид хязгаарлалт тогтоох шийдвэр нь цар тахлын энэ үе шатанд үндэслэлгүй бөгөөд эрх чөлөөг нь ихээхэн хязгаарлаж байна гэж үзэж байгаа ажээ.


Гэсэн хэдий ч албан ёсны мэдээллээр, одоогийн байдлаар Нидерландын эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгууд 40 хувиар дүүрсэн байгаа бөгөөд Засгийн газар хязгаарлалтын арга хэмжээг чангатгах бүх шалтгааныг харж байна гэж мэдэгдсэн байна. 


Шинээр хязгаарлалт тогтоох тухай шийдвэрийг Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте баасан гарагт танилцуулж, бямба гаргийн оройноос хэрэгжиж эхэлжээ. Хэсэгчлэн хөл хорих шийдвэр гурван долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний дэлгүүрээс бусад дэлгүүр, саун, казино, үсчин, секс салоны газрууд зөвхөн 18 цаг хүртэл, супер маркет, зоогийн газрууд 20 цаг хүртэл, зочид буудлуудын хаалга мөн 20 цагт хаагдах ёстой байна. Түүнчлэн спортын тэмцээн уралдаануудыг тухайлбал, 11 дүгээр сарын 16-нд болох 2022 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд оролцох эрхийн төлөөх Нидерланд, Норвегийн шигшээ багуудын чухал тоглолтыг үзэгчгүй зохион байгуулна. Үүнээс гадна, вакцины паспортгүй явах боломжтой олон нийтийн газруудад нэг метр хагасын зай барих журам дахин хэрэгжинэ.


Мөн хоол хүргэлтийн үйлчилгээнд ихээхэн хязгаарлалт тавьсан байна. Энэ салбарынхан эрх баригчдынхаа шийдвэрт ихэд дургүйцэж, Засгийн газар хил хязгаарыг давсан гэж мэдэгджээ.


Харин Нидерландын эрх баригчид шийдвэр гаргахдаа халдварын тохиолдлын тоо тогтвортой өсөж байгааг харуулсан сүүлийн долоо хоногийн статистик мэдээнд тулгуурласан байна.


Бямба гарагт тус улсад 13 900 гаруй шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт  бүртгэгдсэн гурав дахь дээд үзүүлэлт юм. Халдварын улмаас бямба гарагт 33 хүн нас баржээ.


Үүний зэрэгцээ Нидерландад вакцинжуулалтын түвшин маш өндөр байгаа юм. Тус улсын 12-аас дээш насны хүн амын 82.4 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна.


Европын орнуудын халдварын нөхцөл байдал

Өнгөрсөн долоо хоногт “COVID-19”-ийн өвчлөл Европоос бусад бүсэд буурсан гэж ДЭМБ мэдээлсэн билээ. Герман, Австри, Дани, Грек, Болгар, Украин, ОХУ зэрэг олон оронд өвчлөл эрс нэмэгдсэн байна.


Австрийн зарим бүс нутагт даваа гаргаас эхлэн вакцин хийлгээгүй эсвэл хоёр тунд бүрэн хамрагдаагүй хүмүүст хөл хорио тогтоохоор болжээ.  


Германд өнгөрсөн долоо хоногт өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдол 50 мянгад хүрчээ. Тус улс Австрийг халдварын өндөр эрсдэлтэй бүсээр зарлаж,  вакцин хийлгээгүй эсвэл халдвар аваад эдгэрсний нотлох баримт бичиггүй ирсэн хүмүүсийг 10 хоног тусгаарлахаар болсон байна.


Вакцины паспорт зэрэг ковидийн бүх хязгаарлалтаа есдүгээр сард цуцалсан Дани улсад өвчлөл огцом нэмэгдсэнтэй холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг дахин хэрэгжүүлж байна. 


Их Британид бямба гарагт 38 500 гаруй хүнээс коронавирус илэрч, 157 хүн халдвараар нас барсан байна. Тус улсад өвчлөл нэмэгдсээр байгаа боловч сүүлийн саруудад нас баралтын үзүүлэлт 7.9 хувиар буурчээ.


Зүүн Европын статистик мэдээ

Баруун Европт өвчлөл нэмэгдсэн ч нас баралт буурч эсвэл хамгийн бага түвшинд өөрчлөгдөхгүй хэвээр байгаа бол Зүүн Европт энэ хоёр үзүүлэлт хоёулаа нэмэгджээ.


ДЭМБ үүнийг Европ тивийн энэ хэсэгт вакцинжуулалтын түвшин бага байгаатай холбон тайлбарлаж байна.


Баасан гарагт ОХУ-д 40 100 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1235 хүн “Covid-19”-ийн халдвар авсны улмаас нас баржээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолдол юм.


Украинд нэг хоногт 24 мянга гаруй шинэ тохиолдол илэрч, 750 хүн нас баржээ.


Румынд өнгөрсөн хоногт 307 хүн нас барснаас 286 нь вакцин хийлгээгүй хүмүүс байсан байна.


Словенийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт 215 хүн хэвтэн эмчлүүлж байгаа нь нийт хоёр сая гаруй хүн амтай улсын хувьд маш их тоо  юм.


Чех улсад өнгөрсөн долоо хоногт өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо гурван удаа 20 мянгаас давжээ. Тус улсын Засгийн газар одоо хэрэгжиж буй хязгаарлалтыг чангатгахаар төлөвлөж байгаа бөгөөд хэд хэдэн арга хэмжээ шинээр авч магадгүй байна.


Связанные новости