ВВС агентлагийн удирдлага огцорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хэлсэн үгийг Panorama хөтөлбөрөөр хянан засварлаж цацсан гэх дуулианы улмаас ВВС агентлагийн Ерөнхий захирал Тим Дэйви, BBC News мэдээний албаны дарга Дебора Тернесс нар огцрох өргөдлөө өгчээ.
Саяхан The Telegraph сонинд тус
агентлагийн дотоод албан бичгээс эшлэн нийтэлсэн нь дуулиан тарьсан юм. Уг эшлэлд, өнгөрсөн оны 10 дугаар сард эфирт цацагдсан Panorama хөтөлбөрөөр
Трампын хэлсэн үгийг нэвтрүүлэхдээ хоёр хэсгийнх нь утга санааг гуйвуулан засварласан болохыг дурджээ. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сард Капитолид дэгдсэн үймээн самууынг Трамп хөхиүлэн дэмжиж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэхээр болгож түүний хэлсэн үгийг засварласан байна. Үүнтэй холбогдуулан Цагаан ордон “хуурамч мэдээлэл” тараасан хэмээн ВВС агентлагийг буруутгажээ.
Огцрох өргөдлөө өгсөн Тим Дэйви ВВС-д
20 жил ажиллаж байгаагаас 5 жилд нь ерөнхий захирлын албыг хашжээ. “Бусад бүх
төрийн байгууллагын нэгэн адилаар ВВС төгс сайн биш ээ, бид нээлттэй, ил тод,
хариуцлага хүлээдэг байх ёстой. Ерөнхийдөө ВВС сайн ажилладаг, гэхдээ нэгэнт
алдаа гарсан учраас ерөнхий захирлын хувьд миний бие эцсийн хариуцлагыг хүлээх
ёстой” гэж тэрбээр мэдэгдлээ.
Дебора Тернесс мөн болсон явдлын төлөө хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдээд, гэхдээ зориудаар нэг талыг барьсан үйлдэл хийсэн гэж BBC News-ийг буруутгаж байгааг няцаажээ.
Ulaanbaatar