З.Сэсээр: Усан сан, хиймэл нуур байгуулснаар говийн бүсийг моджуулах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Усан сан, хиймэл нуур байгуулснаар “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд говийн бүсийг моджуулах боломжтой хэмээн зохиолч, судлаач З.Сэсээр хэлж байна. Тэрээр энэ талаар өөрийн цуглуулсан материал, салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд, судлаачдын урд өмнө нь хийж байсан усжуулалтын талаарх мэдээлэл, туршлагыг хуваалцахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор БОАЖ-наас өчигдөр зохион байгуулсан Ойн салбарын Үндэсний чуулганы үеэр манай агентлагт хандсан юм.
“Манай говийн бүсэд сүүлийн 50-60 жил цөлжилт нүүрлэн, дэлхийн уур амьсгалын нөлөөгөөр бүр даамжирч говийн экосистем улам доройтож байна. Ийм учир Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын чуулганы индэр дээрээс гишүүн орнуудын төрийн тэргүүн, төлөөлөгчдийн өмнө тэрбум мод тарих амлалтыг өгснийг зохиолч, судлаач, иргэн хүний хувьд өөдрөгөөр хүлээн авч энэхүү зорилт бүхий ажил бүрэн хэрэгжинэ гэдэгт итгэл төгс байна” гэв. Тэрбум мод тарих нь өмнө үед олон зуун мянган модыг ойгоос авчирч борцолж байсантай адил биш, шинжлэх ухааны үндэслэл арга замаар үрслүүлэх, дараа нь суулгаж арчилж ургуулах талаар ярьж хэрэгжүүлэх гэж байгаатай санал нэг байна гэв.
Тэрээр мод усгүйгээр ургаж амьдрал цэцэглэхгүй гэсэн санааг хэлэхдээ, “Миний бие 1999 оны үед эрдэмтэн зохиолч, доктор Л.Түдэв агсны эрхлэн гаргаж байсан “Дал” сонинд манай улсад усан сан байгуулах талаар хөндөн бичиж байсан. Монголд Туул, Хэрлэн, Сэлэнгийн сав газрын жил ирэх бүр ихэсч буй үерийн усыг хуримтлуулан усан сан, хиймэл нуур байгуулж, тэр их усаа хил давуулан гадагш урсуулахгүйгээр ойжуулах, говийн бүсийг усжуулахад ашиглах хэрэгтэй байна гэв. Тодруулбал, Хэнтий, Дорнодын сав газрын гол мөрний усаар усан сан байгуулах, Төв, Өвөрхангай аймгийн нутагт Туул болон Орхон голуудаас говь руу усан сан, хиймэл нуур байгуулах ажлыг хөрөнгө мөнгө гаргаад хийж хэрэгжүүлвэл хамгаас өгөөжтэй, алс хэтийн үр дүнтэй ажил болно. Үүнээс гадна социализмын үед барьж байгуулж байсан Говь-Алтай аймгийн Гуулингийн талын болон Увс, Завхан аймагт байгуулж байсан усжуулалтын систем бүх хиймэл нуур усанг сэргээх хэрэгтэй байна гэсэн санааг хэллээ. Үүнд усны мэргэжлийн эрдэмтэн, мэргэжилтэн судлаачдын хүч,санал санаачилга тун хэрэгтэй байгааг санууллаа.
Нэгэнтээ байгуулсан усан сан,
хиймэл нуураас суваг татан усан хоолойн байгууламж үүсгэх нь газрын гүний усыг
ашиглахаас илүү дүнтэй гэдгийг усны салбарын судлаач мэргэжилтнүүд тогтоон, гол
мөрөн, булаг шандны байгалийн нөөц, уул, усны байдал төрх, урсац, газрын өндөр
намаас эхлээд хөрсний хатуужил, сийрэгжилтэд анхаарч мэргэжлийн инженерийн
тооцоо судалгааг нарийвчилан тогтоох хэрэгтэй байна гэв. Энд Хэрлэн, Туул,
Орхон, Байдраг, Түйн голуудын байршил, нөөцийг судалж харгалзан үзэх нь чухал
байна гээд манай улсад урд өмнө нь нуур
цөөрөм, хиймэл нуур байгуулж, мод сөөг тарьж байсан жишээг тэрээр дурдлаа. Энэ
талаар хэлэхдээ, “Миний бие 1950-иад онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд
Гуулингийн талын усжуулалтад газар ухаж явахдаа Ц.Лоохууз, Шарга суманд суваг
байгуулахад Хөдөлмөрийн баатар Лодойхүү нарын хүмүүс шийдэмгий ажиллаж байсныг нүдээр
үзэж, тэдний ажилд биеэр оролцож явсан. Тэдгээр ажлын үр дүнд Дэлгэр суманд хэд
хэдэн нуур бий болж, Шаргын говьд мөн усан сан байгуулж, говьд хаана ч тааралддаггүй
улиас мод, жимс жимсгэнэ тарьж ургуулж байсан нь өнөөг хүртэл оршиж байна” гэв.
Зураг дээр: Тайширын УЦС-ын дэргэдэх Гэгээ нуур. Монгол орны хамгийн цэнгэг уст хиймэл нуур юм.
Говь цөлийн газруудад Бөөн цагаан, Улаан нуур, Өгий нуур, Тэрхийн цагаан нуур,
Шаргын цагаан зэрэг олон нуур байгааг ашиглаж, жишээ нь, Улаан нуурыг сэргээж, Шаргын
говийн Цагаан нуурыг ашиглан моджуулах ажлыг хийх боломжтойг тэрээр өгүүлсэн
юм. “Нэг тэрбум” мод тарих Үндэсний хөдөлгөөний хүрээнд:
- Нийслэлд Мод үржүүлгийн
төв байгуулах,
- Мөн аймаг, дүүргүүдэд Мод
үржүүлгийн хэсгүүд байгуулах,
- Улсын хэмжээнд аймаг,
дүүрэг, сум хороодоос эхлэн “Халамжаас хөдөлмөрт!” уриан дор мод тарих, суулгах ажилд иргэд, сургуулийн
сурагчид, оюутнуудын хүчийг зохион байгуулж, “Эх орны төлөө, цөлжилтийн эсрэг”
өргөн хүрээтэй ажлыг эхлүүлэх,
- Мод тариалалт, ойжуулалтын газруудыг, ялангуяа хөдөө, орон нутгийн гол ус, нуур, цөөрөм, усан сангуудад “хамгаалалтын байгууламж” байгуулж, тэнд хэрэгтэй байгаа материалыг компани, ААН, ТББ-уудын хандив хөрөнгөөр хангаж хийх саналыг тавьж байгаагаа хэлсэн юм.
Тэрээр мөн
Өмнөговь, Говь-Алтай, Төв аймгийн нутаг зэрэг олон газар мод тариалж, усжуулах
ажлыг хийж ирсэн Өмнөговь аймгаас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар Д.Бараадууз,
МАКС группын захирал, Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Ганбаатар,
мөн Д.Цэрэнжигмэд, Г.Доржпалам, Д.Оюунчимэг, Төв аймгийн ШУТИС-ийн салбар
сургуулийн багш, доктор Д.Сэрдарам нарын мод үржүүлэг, тариалалт, усжуулалтын
санал санаачилгыг хөхиүлэн дэмжиж, урамшуулахаас гадна туршлагыг “Нэг тэрбум
мод” тарих ажилд дэлгэрүүлэх нь зүйтэй байна хэмээн уриалав.