Өмнөд Африкийн Ерөнхийлөгч коронавирусээр халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-12-14 16:34:51

ПРЕТОРИА. /BBC/. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса “COVID-19”-өөр халдварлан эмчүүлж байгаа талаар түүний ажлын албанаас мэдээлжээ. Өдгөө 69 настай Ерөнхийлөгчид халдварын хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд Кейптаун хотод тусгаарлагдаж байгаа гэж уг мэдэгдэлд дурдсан байна.


Өмнөд Африкт 11 дүгээр сард коронавирусний шинэ “омикрон” хувилбар анх илэрснээс хойш халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болоод байгаа юм. “Омикрон” хувилбарын хувьд “дельта” гэх мэт өмнөх хувилбаруудаас хурдан халдварладаг боловч өвчтөнүүдийг хүндээр өвчлүүлэх, улмаар нас барах эрсдэл нь бага байгааг судалгаагаар тогтоогоод байна.


Урьд нь Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Чехийн Ерөнхийлөгч Милос Земан, Боливийн Ерөнхийлөгч асан Жанин Аньес тэргүүтэй төр, засгийн тэргүүн нар коронавирусний халдвар авсан юм.


Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлснээр, С.Рамафосагийн шинжилгээний хариу ням гарагт эерэг гарсан бөгөөд ирэх долоо хоногт гүйцэтгэхээр төлөвлөсөн бүх үүрэгт ажлаа Ерөнхийлөгчийн орлогч Дэвид Мабузад шилжүүлжээ. С.Рамафоса Өмнөд Африкийн төрийн тэргүүн асан Ф.В де Клеркийн оршуулгын ёслолд оролцсоны дараа бие нь тавгүйрхэж эхэлсэн байна. 

Связанные новости