НҮБ-ын тэргүүний хэвлэлийн төлөөлөгч коронавирусээр халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-16 18:05:03

НЬЮ-ЙОРК. /VOA/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик болон өөртэй нь ойр байсан хэд хэдэн хүний “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэж эхэлжээ.


НҮБ А.Гутерреш коронавирусээр халдварласан байж магадгүй талаар сүүлийн долоо хүрэхгүй хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа мэдэгдэж буй нь энэ юм. Өдгөө 72 настай тэрбээр вакцинд бүрэн хамрагдсанаас гадна нэмэлт тунг 11 дүгээр сарын 26-нд тариулсан байна.


А.Гутерреш пүрэв гарагт сэтгүүлчдэд биечлэн мэдээлэл хийхээр товлоод байсан боловч “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан олон хүнтэй ойр байсан тул цахимаар мэдээлэл өгөхөөр болж байна.


С.Дюжаррикийн хувьд ажил дээрээ тогтмол өгдөг "PCR" шинжилгээнийхээ хариуг эерэг гарсан талаар өнөөдөр цахим шуудангаар сэтгүүлчдэд мэдээлжээ. “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдаж, нэмэлт тун тариулсан байсан түүнд маш хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа аж.


Нью-Йорк хотод энэ сараас “COVID-19” халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болсон юм. Одоогийн байдлаар хотын зургаан сая оршин суугч буюу 71 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байна. Үүний зэрэгцээ тус хотод “омикрон” хувилбарын тохиолдол илрээд байгаа юм.

 

 

Связанные новости