Борнуур суманд Олон улсын цанын бааз байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын цанын холбоо /МЦХ/-ноос Төв аймгийн Борнуур суманд судалгаа явуулж, олон улсын цанын бааз барихаар 3 жилийн өмнөөс санал дэвшүүлсэн байна.
Тус холбооны санал дэвшүүлсэн
газрын асуудлыг Борнуур сумын Засаг дарга Н.Ундрахбилэг шийдвэрлэн, энэ сарын
10-ны өдрийн А/280 тоот захирамжаа гарган албажуулж, мягмар /2021.12.15/ гарагт
МЦХ-ны Ерөнхийлөгч Р.Хатанд сумын захиргааны байранд гардуулан өгчээ.
Ийнхүү олон улсын цанын бааз Борнуур сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр “Шарын ам” хэмээх газарт байрлалтай 156.
2995 га талбайд баригдахаар болж байна. МЦХ-ноос олон улсын
цанын бааз байгуулах төвлөвлөгөө боловсруулж, холбогдох зураг төслөө гарган,
сонгон шалгаруулалтад орж, сумын ИТХ-ын 2020 оны газар зохион байгуулалтын
төлөвлөгөөнд тусгуулан ажилласнаар ийнхүү шийдвэр гарах болжээ.
Түүнчлэн энэ суманд одоо
амьдарч байгаа, 2001-2013 онд биеийн тамирын багшаар ажилласан Монгол Улсын
гавьяат багш Д.Ичинхорлоо тус сумаас олон зуун цанын спортын тамирчин бэлтгэн,
спортын болон дэд мастер, зэрэгтэй 100 орчим тамирчныг бэлтгэжээ. Түүний гардан
бэлтгэсэн шавь нараас Ч.Отгонцэцэг нарын 3 тамирчин цанын спортын төрлөөр
өвлийн олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байлаа. Энэ бүх амжилт нь
Борнуур сумын бахархал болдог бөгөөд сумын иргэд ч олон улсын цанын баазыг нутаг
дэвсгэртээ байгуулахыг дэмжсэн нь шийдвэр гаргахад ч онцгой нөлөөлжээ.
Энэ өдөр Борнуур сумын
“Шарын ам”-д Монгол Улсаас ОХУ-ын Красноярск хотноо суух өргөмжит консул,
соёлын элч Е.А.Кузьмин, Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн
дарга, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан нар МЦХ-ны албаны төлөөлөгчидтэй
хамт ажиллан, олон улсын цанын бааз барьж байгуулах ажлын явцтай танилцжээ.
Улмаар 2022 оны нэгдүгээр сард ОХУ-ын Красноярск хотноо МЦХ-ны албаны төлөөлөгч нарыг урьж, 2019 оны дэлхийн Универсиадын үеэр баригдсан олон улсын цанын төвтэй танилцуулах, туршлага судлах, барилгын зургийн төсөлд Оросын талын мэргэжилтнүүдийн саналыг тусгах, мэргэжлийн зөвлөгөө авахаар тохирчээ.
Монгол Улсад одоогоор
гүйлтийн цанын олон улсын зэрэглэлийн бааз байхгүй бөгөөд энэхүү байгууламж
баригдсанаар олимпод бэлтгэх, үндэсний болон олон улсын тэмцээн, наадмыг хүлээн
авч явуулах, өндөр уулын бүсэд бэлтгэх хийх бололцоо бүрдэнэ.
Борнуур сумын “Шарын ам”
нь нийслэлээс 100 км зайтай, байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд ойгоор
хүрээлэгдсэн, Улаанбаатар-Дарханы авто замаас холгүй, цахилгааны шугамд ойрхон
байрлалтай, нийслэлийн ойр орчмын газруудаас хамгийн их цас унадаг газар
гэдгээрээ онцлогтой юм байна.