Олон улсын мастер Э.Энхрий ДАШТ-ий VI байрт шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-17 09:48:21

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Албанийн Дуррес хотод өсвөрийн шатарчдын ахлах насны ангиллын 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.


Энэхүү тэмцээнд 800 гаруй шатарчин оролцсоноос манай зургаан тамирчин өрсөлдөж олон улсын мастер Э.Энхрий хамгийн өндөр амжилтыг үзүүлэв. Гурван насны ангилалд болсон тус тэмцээнд Сингапур, Хятад, ОХУ, Казахстанаас шатарчид түрүүлжээ. Тодруулбал, Казахстаны өсвөрийнхөн хөвгүүдийн 16, 14 насанд түрүүлсэн бол ОХУ-ын шатарчид охидын 14, 16 насанд аваргаар тодорсон байна.


Манай улсаас хөвгүүдийн 14 насанд Арена фиде мастер Б.Цолмон 6.5 оноотой 47 дугаарт, охидод кандитат мастер Н.Содгэрэлт 7.0 оноогоор 23 дугаар байр эзлэв. Харин хөвгүүдийн 16 насанд ФИДЕ мастер Б.Тэнүүнболд 6.0 оноогоор 51-рт, охидод Э.Одмаа 6.0 оноотой 39 дүгээрт шалгарчээ. Тэгвэл хөвгүүдийн 18 насанд ФИДЕ мастер Х.Өлзийхишиг 6.5 оноогоор 28 дугаарт, охидод олон улсын мастер Э.Энхрий 7.5 оноогоор VI байр эзэлсэн байна.


Монголчууд өсвөрийн ДАШТ-ээс 2001 онд их мастер Б.Мөнгөнтуул хүрэл, 2005 онд мөнгө, 2011 онд А.Энхтуул хүрэл, 2017 онд Д.Батсүрэн алт, 2022 онд олон улсын мастер Д.Мөнхзул алтан медаль хүртэж байв. 

Связанные новости