ҮБТДС-ийн бөхчүүд " Purevbaatar Cup"-т тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн 22 хүртэлх насны /1999-2003 он/ залуучуудын хөнгөн жингийн цомын аварга шалгаруулах "Purevbaatar Cup" тэмцээн өчигдөр "Алдар" спорт хорооны зааланд болж шилдгүүдээ шалгаруулав.
О.Пүрэвбаатар нь "Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий хошой мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998”-ын мөнгө, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гран при”, Тусгаар тогтнолын цом, Дан Колов, Александр Медведь, Борис Будаев, Лайпцег, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, Яшар Догугийн ОУТ-ий мөнгө, хүрэл медаль, Шамиль Умахановын нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, “Монгол говь” ОУТ-ий тав, Монголын Улсын долоон удаагийн аварга, 1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үед Монгол Улсынхаа нэрийг дэлхийд олонтоо дуурсгасан алдартай бөх юм.
Түүний нэрэмжит тэмцээн 2009 оноос хойш уламжлал болгон 13 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тэмцээний нээлтийн ёслолын үеэр О.Пүрэвбаатарын анхны багш, гавьяат дасгалжуулагч О.Мөнхбат, ид үед нь түүнийг амжилттай салшгүй холбоотой, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном нарыг МЧБХ-ны "Ялалт" одонгоор шагналаа.
Тэрбээр хоёр багшдаа ч хүндэтгэл үзүүлэхээ мартсангүй, хамтдаа авахуулсан зургаа дурсгал болгов. Түүнийг МҮОХ-ны зөвлөх, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан "Олимпийн алдар" одонгоор шагнаснаас гадна энэ үеэр чөлөөт бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй ахмад, тамирчин, дасгалжуулагч, шүүгч, бөхийн төлөө зүтгэж буй зарим хүмүүсийг МҮОХ болон "Аваргууд" академийн медалиар шагнасан юм. О.Пүрэвбаатар гавьяатад найз нөхөд, шавь нар нь хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ удаагийн тэмцээнд 21
байгууллагын 64 тамирчин 57, 61, 65, 70 кг жинд өрсөлдсөн бөгөөд спортын мастер
Ц.Баярсайхан дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай
багийн дүнгээр тэргүүлж, ОУХМ П.Сумъяа дасгалжуулагчтай Баянхонгор аймаг /1
алт+1 мөнгө+2 хүрэл/, ОУХМ Б.Одончимэг дасгалжуулагчтай "Алдар" спорт
хороо /1 алт+1 хүрэл/ хоёр, гуравдугаар байрын эзэд боллоо.
Тэмцээний дүн:
57 кг /14 бөх/
1. Э.Дөлөө /Алдар/
2. П.Дашцэрэн /ҮБТДС/
3. Г.Отгонбаатар
/Баянхонгор/
3. Э.Энхболд /Төв/
61 кг /21 бөх/
1. Н.Наранхүү /ҮБТДС/
2. Н.Эрхэмбаяр /Өвөрхангай/
3. Р.Баттулга /ҮБТДС/
3. Э.Энх-Амгалан /Спортын
төв сургууль /
65 кг /16 бөх/
1. Э.Төгсжаргал /ҮБТДС/
2. Б.Ууганбаяр /Баянхонгор/
3. Н.Ганбаяр /Женко/
3. Я.Үржинжав
/Баянхонгор/
70 кг /13 бөх/
1. П.Мөнх-Эрдэнэ
/Баянхонгор/
2. Б.Батбаяр /ҮБТДС/
3. М.Нямдалай /Спортын
төв сургууль/
3. Б.Баттулга /Алдар/