Италид зул сарын баярын үеэр халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-24 12:16:44

РОМ. /Xinhua/. Италид коронавирусний “омикрон” хувилбарын халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан зул сар, шинэ жилийн баярын үеэр халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг чангатгахаар болжээ. 


Сайд нарын зөвлөл баярын үеэр олон нийтээр цугларахыг хориглох зэрэг шинэ хязгаарлалтуудыг мөрдөх тогтоолыг санал нэгтэйгээр баталсан байна. Италийн хэд хэдэн хотын дарга, мужийн удирдлагууд баярын үеэр зохион байгуулах олон нийтийн үйл ажиллагааг цуцалсны дараа дээрх шийдвэрийг гаргажээ.


Шинэ дүрэм журмын дагуу ирэх нэгдүгээр сарын 31 хүртэл диско, шөнийн клубүүдийг түр хаана. Эрүүл мэндийн сайд Роберто Сперансагийн мэдээлснээр, хурдан халдварладаг “омикрон” хувилбарын тархалтыг сааруулахын тулд эрүүл мэндийн ногоон гэрчилгээний хүчинтэй хугацааг есөн сар байсныг зургаан сар болгон бууруулна. 


Мөн вакцины бүрэн тунд /хоёр тун/ хамрагдсанаас хойш нэмэлт тунг тариулах хугацааг таван сараас дөрвөн сар болгон бууруулна гэж тогтоолд дурджээ. “Бид иргэдээ, эрүүл мэндийн тогтолцоогоо хамгаалахын тулд ийм арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна” гэж Р.Сперанса хэлсэн байна. Үүний зэрэгцээ ил задгай талбайд амны хаалт зүүх, нийтийн тээвэр, олон нийтийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ халдвараас илүү сайн хамгаалдаг “FFP2” амны хаалт зүүхийг тусгажээ.


Италийн эрх баригчдын 12 дугаар сарын 6-нд гаргасан шийдвэрийн дагуу зөвхөн вакцинд хамрагдсан, халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг зоогийн газар, цэнгээний газар, театр, цэнгэлдэх хүрээлэн, бусад спортын байгууламжид орохыг зөвшөөрсөн юм. Гэвч жилийн эцсийн томоохон баярууд ойртон ирж буй энэ үед халдварын тохиолдол эрс нэмэгдсэн нь халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг улам чангатгахад хүргэжээ.


Италид сүүлийн өдрүүдэд коронавирусээр халдварласан, нас барсан тохиолдлын тоо нэмэгдэх болоод байгаа ч Европын бусад томоохон орнуудтай харьцуулахад харьцангуй доогуур байгаа юм. Гэхдээ Италид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 44500 тохиолдол шинээр илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 

Связанные новости