Индонез “Boeing 737 MAX” онгоцоор нислэг үйлдэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-12-28 15:51:53

ЖАКАРТА. /Bloomberg/. Индонез улсын эрх баригчид “Boeing 737 MAX” загварын хоёр нисэх онгоц осолдсоны дараа уг онгоцоор нислэг үйлдэхийг хориглосон шийдвэрээ цуцалжээ. Энэ тухай тус улсын Тээврийн яамны Иргэний нисэхийн газрын ерөнхий захирал Нови Риянто мэдэгдсэн байна.  


Түүний мэдэгдсэнээр, ослын шалтгааныг шалгах ажил болон онгоцны системийг шинэчлэн сайжруулж дууссаны дараа “Boeing 737 MAX” загварын нисэх онгоцны нислэгийг сэргээнэ. 


“Boeing 737 MAX” загварын хоёр нисэх онгоц осолдсоны дараа дэлхий даяар уг онгоцыг нислэгт ашиглахыг түр зогсоосон юм. 2019 оны гуравдугаар сарын 10-нд Этиопын агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн, 2018 оны 10 дугаар сарын 29-нд Индонезын “Lion Air” компанийн ийм загварын нисэх онгоц осолдож, 300 гаруй хүн амиа алдсан билээ.


“Bloomberg” агентлагийн мэдээлж буйгаар, “Ethiopian Airlines” компани “Boeing 737 MAX”-ыг хоёрдугаар сарын 1-нээс нислэгт ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа аж.


Энэ загварын нисэх онгоцоор нислэг үйлдэхийг урьд нь АНУ, Бразил, Энэтхэг, Малайз, Сингапур болон Европын хэд хэдэн улс зөвшөөрчээ. Түүнчлэн “Boeing 737 MAX”-аар нислэг үйлдэхийг зөвшөөхөөр төлөвлөж байгаагаа Хятад улс 12 дугаар сарын эхээр мэдэгдсэн байна. 

Связанные новости