Оросын хамгийн амжилттай бизнес эрхлэгчдийн жагсаалтыг Павел Дуров тэргүүлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /Forbes/. 2021 онд хамгийн их баяжсан Оросын тэрбумтнуудын жагсаалтыг “Telegram” мессенжерийг бүтээгч Павел Дуров тэргүүлжээ. Түүний хөрөнгө 13.81 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 17.24 тэрбум болсон гэж “Forbes” сэтгүүл мэдээллээ.
Тус сэтгүүлд мэдээлж буйгаар, гол хөрөнгийнх нь үнэлгээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Дуровын хөрөнгийн хэмжээ эрс нэмэгдсэн байна. 2021 оны гуравдугаар сард “Telegram” анх удаа өөрийн бондыг байрлуулж, зах зээл дээр 1 тэрбум ам.доллар босгожээ. Түүнчлэн өнгөрсөн 10 дугаар сард “Facebook”, “Instagram”, “WhatsApp”-ын үйл ажиллагаа доголдсоны дараа уг мессенжерийн хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн байна. “Telegram” 70 сая шинэ хэрэглэгчтэй болжээ.
Жагсаалтын хоёрдугаарт, “Wildberries” цахим дэлгүүрийг үүсгэн байгуулагч Татьяна Бакальчук бичигдсэн байна. Түүний хөрөнгө 11.92 тэрбум ам.доллароор өсөж, 13.02 тэрбум ам.долларт хүрчээ. Гол өрсөлдөгч нь болох “Ozon” компанийн IPO амжилттай болсон нь “Wildberries”-ийн үнэ цэнэ өсөхөд нөлөөлсөн байна.
"Еврохим" болон Сибирийн нүүрсний эрчим хүчний компанийн (СУЭК) гол хувьцаа эзэмшигч Андрей Мельниченко жагсаалтын гуравдугаарт орлоо. Жилийн хугацаанд түүний хөрөнгө 10.60 тэрбум ам.доллароор өсжээ. 2021 онд компаниудынх нь олборлосон түүхий эд, гаргадаг бүтээгдэхүүнийх нь үнэ өссөнтэй холбоотойгоор Мельниченкогийн хөрөнгө нь ихээхэн хэмжээгээр нэмэгдсэн байна. Биржээр арилжаалагддаг нүүрсний үнэ энэ жил хоёр дахин, азотын бордооны үнэ дэлхийн зах зээлд дөрөв дахин, фосфатын бордоо хоёр дахин, калийн бордоо гурав дахин өссөн гэж “Forbes” бичжээ.
Оросын хамгийн амжилттай бизнес эрхлэгчдийн жагсаалтын эхний 10-т мөн "Северсталь" компанийн захирлуудын зөвлөлийн дарга Алексей Мордашов болон түүний гэр бүл (+ 6.83 тэрбум доллар), "Лукойл" компанийн тэргүүн Вагит Алекперов (+ 6.44 тэрбум доллар), “Playrix” видео тоглоомын компанийг үүсгэн байгуулагч, хөгжүүлэгч нар болох Игорь болон Дмитрий Бухман (тус бүр нь + 4.76 тэрбум доллар), "Сибур" ба "Новатэк" компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Геннадий Тимченко (+ 4.35 тэрбум доллар), "Новатэк" компанийн тэргүүн Леонид Михельсон (+ 4.21 тэрбум доллар), банкир Олег Тинков (+3.42 тэрбум доллар), “Лукойл” компанийн хувьцаа эзэмшигч, “Спартак” хөл бөмбөгийн клубийн эзэн Леонид Федун болон түүний гэр бүл (+ 3.41 тэрбум доллар) багтжээ.