MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Дэлхийн экспо үзэсгэлэнд 25 сая гаруй хүн зочилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-14 12:00:03

ОСАКА, 2025 оны аравдугаар сарын 14 /Kyodo/. Японы Осака хотод зохион байгуулсан Дэлхий экспо даваа гарагт өндөрлөжээ. Зургаан сарын турш үргэлжилсэн экспо дэвшилтэт технологи, олон янзын соёлыг харуулсан үзэсгэлэнгүүдээр дамжуулан 25 сая гаруй үзэгчийг татжээ. 


“Бидний амьдралд зориулсан ирээдүйн нийгмийг бүтээх нь” уриан дор зохион байгуулсан экспогийн хаалтын ёслолын үеэр гаргасан тунхаглалд “энэхүү экспо нь дэлхийн нийтийн сайн сайхны төлөө ач холбогдолтой болохыг дахин нотолсон” гэдгийг онцолсон байна.


Юмэшима хиймэл арал дээр болсон үзэсгэлэнд 158 улс орон, бүс нутаг оролцжээ. Парис хотод төвтэй Дэлхийн экспог хариуцдаг байгууллага болох Дэлхийн үзэсгэлэнгийн товчооны тугийг хаалтын ёслолын үеэр 2030 онд дараагийн экспог зохион байгуулах Саудын Арабын талд гардуулан өгсөн байна.


“Бид сэтгэл зүрхээ нийлүүлэн ажилласнаар олон хүний таалалд нийцсэн гайхалтай үзэсгэлэнг зохион байгуулж чадлаа” гэж Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү хаалтын ёслолын үеэр хэлээд, “Хагаралдан хуваагдахын оронд эвлэлдэн нэгдэж, сөргөлдөн тэмцэлдэхийн оронд хүлээцтэй байх”-ын ач холбогдлыг цохон тэмдэглэжээ.


Угсаа залгамжлах хунтайж Фүмихито хаалтын ёслолын үеэр үг хэлэхдээ, хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг сорилтуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа эргэцүүлэн тунгаах боломж олдсон нь туйлын утга учиртай явдал байсныг онцолсон байна.


Өнгөрсөн ням гаргийн байдлаар, экспогийн нийт зочдын тоо урьдчилсан байдлаар 25.29 саяд хүрч, 2005 онд Японы Аичи мужид зохион байгуулсан өмнөх экспогийн үзэгчдийн тооноос /22.05 сая/ давсан боловч зохион байгуулагчдын урьдчилан таамаглаж байсан 28.2 саяд хүрээгүй байна.


Нийт 22.07 сая тасалбар зарагдсанаас гадна экспогийн албан ёсны бэлгэдэл Мяку-Мякуг дүрсэлсэн чихмэл тоглоом зэрэг лицензтэй бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаалснаар наймдугаар сарын сүүлчийн байдлаар 80 тэрбум иений /525 сая ам.доллар/ борлуулалт хийжээ. Зохион байгуулагчид үйл ажиллагааны ашиг 28 тэрбум иенд хүрнэ гэж таамаглаж байна.


Экспог зохион байгуулсан газрын бэлгэ тэмдэг болсон 2 км урттай “Их цагариг” хэмээх модон дээврийн байгууламжийн 200 орчим метрийг одоогийн байдлаар нь хадгалан үлдсэн хэсгийг нь буулгаж, зарим хэсгийг нь дахин ашиглахаар төлөвлөж байгаа ажээ. “Их цагариг” нь дэлхийн хамгийн том модон архитектурын байгууламж гэдгээрээ Гиннесийн номд бүртгэгдсэн билээ.

Связанные новости