"Ногоон технологи-2022": Дулаалгын эко шийдлүүдийг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Агаар орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэн “Блю Сзай” зочид буудалд өнөөдөр нээгдлээ. Энд Монгол гэрийн бүрэн цахилгаан халаалт, айл өрхийн бохирын төгс систем, хөөсөнцөрийг халж буй дулаалгын хавтан зэрэг технологийн шийдлүүдийг танилцуулж байна. Тухайлбал, бохирын төгс шийдэл “Биолос” нь бохирыг газарт шингээх технологитой бөгөөд ингэхдээ шууд хөрсөнд нэвтрүүлэхгүй, тусгай хоолойг газарт суулган элсэнд шингээдэг, насос болон агааржуулагчтай аж.
Монгол гэрийн бүрэн цахилгаан халаалт нь гэрийн бүслүүрийн гогцоонд оруулан бэхэлсэн хатавчны болон хаалганы, мөн шалавчны цахилгаан дулаалгатай, шалны уурыг тусгаарлагчтай. Гэрийг нэмэлтээр дулаалж болох энэхүү шийдэлд цагийн тохируулгатай цахилгаан зуух, тогоо, халаалтын гал тогооны шүүгээ, агаар сэлгэх сэнсэн хоолой болон шүүлтүүр бүхий нээлхийтэй, тооно нь хүртэл дулаалгын бүрэлттэй, багц төхөөрөмжөөс бүрдсэн төгс шийдэл аж.
Үзэсгэлэнгээс олон улсад нэвтэрсэн “Kingspan” технологийн дулаалгын хавтангийн талаар тус бүтээгдэхүүний худалдаа, угсралтын Монгол дахь техникийн төвийн захирал, инженер Д.Буджаваас тодруулав.
-Танай хавтан юугаар
онцлог вэ? Байшин барихад гадна талд шууд хэрэглэх үү?
-Манай хавтан хөөсөнцөр
болон энгийн блокуудыг халах зорилгоор Монголд нэвтрүүлж буй шинэ технологи юм.
Жишээ нь, хөөсөнцөр хавтан нь галд тэсвэргүй, хорт хий ялгаруулдаг, хүний эрүүл
мэндэд хортой бол манай хавтан коэффициент өндөртэй тул галд тэсвэртэй,
барилгад ашиглахад даац сайн авдаг зэргээр онцлог, олон улсад хүлээн зөвшөөрсөн
“Кьюад кор” технологийнх юм. Хөөсөнцөр шиг бүтэцтэй ч гадна талдаа зэвэрдэггүй,
франц технологийн будагтай төмөр хийц бөгөөд барилгын гадна тал болон ханыг шууд
өрж болдог байна.
-Танай хавтан юугаар эко,
ногоон технологи болж байгаа вэ?
-Барилгын уламжлалт технологийг
хялбар болгож, илүү бага материалаар илүү үр өгөөжтэй байх сонголтыг өгч байгаа
юм. Тодруулбал, ямар ч карказ, металл ашиглахгүйгээр агуулга, том оврын асар
болон зоорь барихад тохиромжтой. Бактери үүсгэдэггүй, байгаль орчинд ээлтэй,
бүрэн шингэх эко технологи юм.
-Танай технологиор гадаад,
дотоодод барьсан байгууламжийн талаар тодруулна уу?
-Олон улсын томоохон 15 нисэх буудлын 10 хувийн гадна талыг “Kingspan” технологиор барьж байгуулсан. Монголд 20х100 метрийн агуулахын барилга барихаар зураг төслийг хийгээд байна гэв.
Үзэсгэлэнд мөн уламжлалт зуухыг цахилгаан болон ахуйн хийгээр ажиллуулах технологи танилцуулж буй “Уртын хур” ХХК-ийн захирал Ш.Алтангэрэлээс тодруулав. Тэрээр, уламжлалт зуухыг цахилгаан болон хийнд шилжүүлэх технологийг нэвтрүүлж байна. Зуухыг цоолж, өөрчлөхгүйгээр зөвхөн үнсний савны оронд халаагуур суурилуулж, хүссэн үедээ цахилгаан болон газыг сонгон ажиллуулах боломжтой, гэр, байшингийн ямар ч зууханд таарна гэв. Энэ нь утаа гарахгүй, тиймээс дотор орчны агаарын бохирдол байхгүй, түлээ түлэхгүйгээр хэмнэлттэй. Хөдөөгийн малчид, гэр хороололд оршин сууж байгаа иргэд хэрэглэх боломжтой. Мөн аяллаар авч явсан болохоор овор багатай төхөөрөмж аж.
“Агаар орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэнд дэлгэн тавьсан технологийн шийдлүүдийг ХАС, ХААН, Төрийн банкуудаас 3-9 хувийн хүүтэй, 30 сая хүртэл төгрөгийн “Ногоон зээл”-ээр худалдан авах боломжтойг мөн танилцуулж байна.
Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи болон орчны бохирдлыг бууруулах халаалт, дулаалга, эко ариун цэврийн байгууламж, бохир ус цэвэрлэх болон хог хаягдал дахин боловсруулах зэрэг шинэлэг, тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан, сурталчлах “Ногоон технологи” үзэсгэлэнг 2013 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж байна.
Гэрэл зургуудыг Н.Батбаяр