Төв аймгийн өмнөд, Дундговь, Өмнөговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуургатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-11-23 10:29:51

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.


Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.


Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр -20-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -15-20 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг -2-+3 градус дулаан, бусад нутгаар -5-10 градус хүйтэн байна.


Дундговийн нутаг, Төв аймгийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг ЦУОШГ анхааруулжээ.

Связанные новости