Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажил байдалтай танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг,
Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр нар Эрүүл мэндийн
даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн
газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 344 дүгээр тогтоолоор байгуулагдаж
байсан. ЭМДЕГ байгуулагдсан цагаасаа эхлэн даатгуулагч төвтэй, шинжлэх ухааны
нотолгоонд суурилсан, эмнэлзүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай
тусламж, үйлчилгээг даатгуулагч-иргэдэд тэгш хүртээмжтэй худалдан авах
боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын
тогтолцоог боловсронгуй болгох, тасралтгүй хөгжүүлэх зорилгыг тавин ажиллаж
байна.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн
болон хувийн хэвшлийн 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагатай
гэрээ байгуулан иргэд, даатгуулагчдад эрүүл мэндийн чанартай тусламж,
үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.
Өнгөрсөн 2021 онд Эрүүл мэндийн даатгалын салбарт томоохон
шинэчлэлүүдийг хэрэгжүүлснээр стратегийн нэг худалдан авагчийн тогтолцоо
бүрдэж, бүх төрлийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 70-100
хувь санхүүжүүлдэг болсон нь даатгуулагч-иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй
санхүүгийн эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлсэн юм гэж ЭМДЕГ-аас
мэдээллээ.