Парисын Гранд сламд манай улсын 13 тамирчин оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Францын нийслэл Парис хотноо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 17.30 цагт эхэлнэ.
Бага дэлхийн аварга гэгддэг байсан тус
тэмцээнд 52 орны эрэгтэй 154, эмэгтэй, 131 нийт 285 жүдоч оролцож байна. Үүнд
манай улсаас 13 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцох юм.
Мөн өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр уламжлал
ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах бөгөөд эрэгтэй -60, -66, -73 эмэгтэй
-48, -52, -57, -63 кг-ын жингийн аваргууд тодрох ажээ.
Эрэгтэй -60 кг-д Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Ариунболд,
- -66 кг-д Тэмцээний чансааны гуравт эрэмблэгдсэн ДАШТ-ний хүрэл медальт ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү, “Оюутны Универсиад” наадмын мөнгөн медальт ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр,
- -73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар, ОУХМ Одбаярын Уранбаяр нар хүч үзнэ.
Харин эмэгтэй -48 кг-д ОУХМ Бавуудоржийн Баасанхүү,
- -52 кг-д Тэмцээний чансааны тавдугаарт эрэмблэгдсэн “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Бишрэлтийн Хорлоодой,
- -57 кг-д “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн нар хүч үзэх юм.
Манай улсаас энэ өдөр "Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт ОУХМ Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх зодоглоно гэж Монголын Жүдо бөхийн Холбооноос мэдээллээ.