Зүрхний хүнд эмгэгтэй хоёр киргиз хүүг Монголд эмчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүний гавьяат эмч, зүрхний мэс засалч Б.Болдсайхан "Зүрх мартахгүй" төслийг 2020 оноос хэрэгжүүлж 300 орчим хүүхдэд амьдрал бэлэглэсэн. Тэгвэл тэрбээр “Хязгаараас чинад” төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
Уг төслийн хүрээнд, Киргиз улсын зах хязгаар нутгаас төрөлхийн зүрхний эмгэгтэй 2 хүүхдийг Монголд авчран хагалгаа хийхээр болсон байна. Хүүхдүүд эцэг эхийн хамт энэ сарын 20-нд ирэх аж.
Киргиз хүүхдүүдийн хагалгааны зардлыг Ондо брэнд /Ондо ХХК/, нислэгийнх нь зардлыг Хүннү Эйр компани хариуцахаар болсон бөгөөд энэ нь “Хязгаараас чинад” төслийн хүрээнд гадаад хүүхэд хүлээн авч буй анхны тохиолдол болж буй аж. Б.Болдсайхан эмч цаашид хөгжиж буй орнуудын зүрхний эмгэгтэй хүүхдүүдийг Монголд авчран гадаад, дотоодын спонсоруудтай хамтран үнэгүй эмчилгээ хийхээр зорьж байгаа аж.
Ташрамд дурдахад, тэрбээр Бишкекийн Зүрхний хагалгаа, эрхтэн шилжүүлэх ШУҮТ-д зүрхний хавсарсан гажигтай 4-6 хүүхдэд Цагаан сарын өдрүүдэд киргиз эмч нартай хамтран хагалгаа хийжээ.