Б.Ачбадрах амжилтаа ахиулан 34 тамирчинг ардаа орхиж 65 дугаар байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-11 16:59:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадамд оролцож буй Монгол Улсын тамирчин Б.Ачбадрах өөрийн үндсэн төрөл болох гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км зайд уралдав. Тэрбээр 99 тамирчинтай хурд сорьсноос 43 минут 29.9 секундийн амжилтаар 65 дугаар байр эзэллээ.

 

Түүний гарааны ээлж 90 дугаарт бичигдсэн бөгөөд 34 тамирчныг ардаа орхиж, тэргүүн байрт орсон тамирчнаас 6 минутаар хоцорсон байна.

 

Хоёр дахь олимпын наадамдаа оролцож буй Б.Ачбадрах хоёрдугаар сарын 8-нд болсон спринт төрөлд 90 тамирчнаас 77 дугаар байр эзэлсэн бөгөөд 2018 оны Пёнчаны олимпод 93 дугаар байр эзэлж байв.

 

Эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаанд Финландын тамирчин Ливо Нисканен 37 минут, 54.8 секундийн амжилтаар тэргүүлж алтан медалийн болзол хангасан бол, ОХУ-ын Олимпын хорооны тамирчин Александер Болшунов 38 минут 18.0 секундийн амжилтаар хоёр, Норвегийн Йоханнес Хоесфлот Клаебо 38 минут 32.3 секундийн амжилтаар гуравдугаар байрт орлоо.

 

Өдгөө 30 настай Ливо Нисканен 2018 оны Пёнчаны олимпын 50 км-ийн төрөл, 2014 оны Сочигийн олимпын спринт төрөлд алтан медаль хүртэж байсан. Түүний эгч, Сочигийн олимпын хошой мөнгөн медальт Кертту Нисканен өчигдөр 10 км-ийн зайд мөнгөн медаль хүртсэн юм.

Связанные новости