Камила Валиева “Бээжин-2022” олимпын наадмыг үргэлжлүүлэх эрхтэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын арбитрын шүүхээс допингийн хэрэгт холбогдоод байгаа ОХУ-ын тамирчин Камила Валиевагийн асуудлыг ням гарагт /2022.02.13/ хэлэлцсэн. Дөнгөж сая эцсийн шийдвэрийг танилцуулснаар “Бээжин-2022” олимпын наадамд үргэлжлүүлэн оролцохыг нь зөвшөөрчээ.
Асуудлыг эргэн сонирхуулахад, Бээжин олимпын уран гулгалтын
багийн төрлийн уралдаанд ОХУ-ын баг түрүүлсэн. Гэвч тэмцээний дараа шагнал
гардуулах ёслол болоогүй. Учир нь эмэгтэй ганцаарчилсан төрлийн Камила
Валиевагийн өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн дээр
өгсөн сорьцоос хориотой бодис илэрсэн юм. Энэ хариуг аваад Оросын допингийн
эсрэг агентлаг энэ сарын 8-нд түүний тэмцээнд орох эрхийг хассан. Харин маргааш
нь буюу 9-нд сэргээжээ.
Оросын допингийн эсрэг агентлагийн энэ шийдвэрийг ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо эсэргүүцэж, Спортын арбитрын шүүхэд хандсан юм. Спортын арбитрын шүүхээс зарласан хуралд Валиева видеогоор холбогдож, байцаалт өгчээ.
Шийдвэр гаргахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ.
Нэгдүгээрт, 12 дугаар сарын 25-нд авсан шинжилгээний хариу яагаад
хоёрдугаар сарын 8-нд ирсэн... Олимп болох гэж байхад тийм удаан шинжилсэн нь
сэжиг төрүүлж байгаа. Мөн 15 настай буюу насанд хүрээгүй тамирчны нэрийг шууд
сэжигтнээр зарлаж, хууль зөрчсөн гэх мэт шалтгааныг чухал болгожээ.
Хурал хэдийгээр өчигдөр өндөрлөсөн ч Спортын арбитрын шүүх ямар шийдвэр гаргахаа маш удаан зөвлөлдсөний эцэст залуу охиныг Бээжингийн олимпын наадамд орохыг зөвшөөрсөн шийдвэрийг ийнхүү гаргалаа. Спортын арбитрын шүүх энэ удаагийн хурлаараа ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо, WADA-гийн гомдлыг авч хэлэлцсэнгүй.
Дэлхий нийтийн анхаарлыг сүүлийн өдрүүдэд ихэд татаж байсан
энэ асуудал шийдэгдсэнээр Камила Валиева маргааш болох тэмцээндээ оролцох
боломжтой боллоо.