"Бор-Өндөр" Уулын баяжуулах үйлдвэр 80 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-02-18 10:20:29
Хэнтий /МОНЦАМЭ/ "Бор-Өндөр" Уулын баяжуулах үйлдвэр 2021 онд 80 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Ингэснээр уурхайчдадаа цалингийн урамшуулал олгосон сайхан мэдээтэй "Эргэх холбоо 52" хөтөлбөрийнхнийг угтлаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбаатар нар Бор-Өндөр суманд өнөөдөр ажиллав.
Уулзалтад “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржав, сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг, Засаг дарга П.Чинбат нарын албаныхан, сумын 300 гаруй иргэн оролцов.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нарын Хан Хэнтийчүүддээ хандсан илгээлт үгээр уулзалт эхэлж, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат УИХ-ын хууль тогтоомж, УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, гишүүдийн үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Үргэлжлүүлээд аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар Хэнтий аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт, аймгийн ажлын талаар танилцуулснаар иргэдээс санал сонслоо.
Уулзалтаар иргэд, Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ, Геологийн байрны инженерийн шугам сүлжээ, хууль сурталчлах ажил, эрчим хүчний байгууллагын ажилчдын байрыг хувьчлах асуудал гэх мэтчилэн 20 шахам санал хүсэлт хэллээ.
Үүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг аймгийн Засаг даргаар ажиллах хугацаанд сумын хот тохижилтын газар, Эмнэлгийн байгууллагыг дэмжиж ажилласанд Бор-Өндөрчүүд талархалтай байна.
Уулзалтын төгсгөлд салбартаа манлайлан ажиллаж байгаа нэр бүхий иргэдийг шагналаа. Тухайлбал, “Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан” тэмдгээр Т.Ариунжаргалыг, “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” тэмдгээр Б.Сэмпэнг, Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойн хүндэт тэмдгээр Л.Номин-Эрдэнэ, Б.Батбаяр, П. Мөнхзул, Ч.Эрдэнэбаяр нарыг шагналаа.
Связанные новости