Иргэдээ сонсох уулзалт Дархан суманд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-02-18 17:30:05
Хэнтий /МОНЦАМЭ/ УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдээ төлөөлөн багт ажиллах, Иргэдээ сонсох уулзалт Дархан суманд өнөөдөр боллоо.
Тус сумын Хараат, Дотуур булаг, Мэргэн хошуу багийн нийтдээ 250 гаруй иргэнтэй уулзалт хийж, УИХ-ын 2021 оны намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомж, улсын эдийн засаг, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар Ц.Идэрбат гишүүн танилцууллаа.
Уулзалтаар мөн аймгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар танилцуулсан бол, сумын Засаг дарга Ж.Энхтөр сумынхаа айл өрх бүрт хүрч ажлаа танилцуулах, Аравт бүлгийн зохион байгуулалтаа шинэчлэх, малын хөлийн татварын талаар иргэддээ мэдээлэл хүргэлээ.
Уулзалтаар дээрх гурван багийн 23 иргэн асуулт асууж, давхардсан тоогоор 37 санал хүсэлт хэллээ. Онцолбол, Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бус нутгаар хөгжүүлж буйтай холбогдуулан Аргаль, Бугатай Дархан уулаа түшиглэсэн фото сафари аяллыг зохион байгуулах, уламжлал болсон Тэмээний баярыг сэргээж, эвент үйл ажиллагаа болгох, улмаар тэмээн соёлыг сурталчлах, “Дархан бор хужир” уул уурхайтай холбоотой санал, малын тэжээл, эрчимжсэн мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, малчны зээл, цар тахал, цахим сургалтаас шалтгаалсан сурагчдын утасны хамаарал, үүрэн холбооны сүлжээ, шинээр батлагдсан хууль тогтоомжтой холбогдсон санал хүсэлтүүд гэх мэтчилэн олон асуудал дэвшүүлсэн үр дүнтэй уулзалт болсныг аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Связанные новости