“Бээжин-2022” олимпоос төрсөн залуу од
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Словак улс сүүлийн
үед авьяаслаг залуу хоккейчид төрүүлэн гаргаж буйн
нэг жишээ нь “Бээжин-2022” өвлийн олимпод оролцож
буй Юрай Слафковски болж байна.
2021 оны хавар болсон ДАШТ-д словакчууд тун залуухан баг оролцуулсан бөгөөд дундаж нас нь 24.5 байв. Тус улсын хоккейн баг ДАШТ-д хэсгээсээ шалгаран шөвгийн наймд үлдсэн. Энд оролцсон 17 настай хоёр тамирчин нь хамгаалагч Шимон Немек, довтлогч Юрай Слафковски нар байв. Тэднийг мэргэжилтнүүд онцолж, 2022 оны NHL-ийн драфтад дээгүүр сонгогдох магадлалтай хэмээн бичиж байв. Тэгвэл Юрай хүү мэргэжилтнүүдийн хүлээлтээс давсан тоглолтыг Бээжингийн олимпод үзүүлж, ирээдүйд тодоор гялалзах од гэдгээ харуулсаар байна.
Олимпын нээлтийн тоглолтод словакчууд Финландтай тулахад тэрээр 2 шайб оруулж тодорсон. Гэвч баг нь 6:2-оор хожигдсон юм. Удаах тоглолтод залуу довтлогч хүчирхэг Шведийн хаалгыг мөн л гоолоор мялаалаа. Харамсалтай нь үр дүн өмнөхтэй ижил, баг нь 4:1-ээр ялагдав. Харин хэсгийн сүүлийн тулаанд тэрбээр Латвийн хаалганд дахин нэг шайб хийж, баг нь 5:2-оор ялалт байгуулсан.
Ийнхүү залуу довтлогч эхний гурван тоглолтод дөрвөн шайб оруулсан амжилтаар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхлэв.
Словакчууд дараа нь Германы багийг 4:0-ээр хөнгөхөн хожиж,
шөвгийн наймд шалгарахад Юрай гоол оруулж чадаагүй. Харин дунд шөвөгт түүний
баг хүчирхэг Америкийг буллитээр хожин шуугиан тарьсан бөгөөд Юрай тэрхүү
тоглолтын эхний шайбыг оруулжээ. Ингэснээр тэрээр таван тоглолтод таван
гоолтой болж, мэргэн буучдын гуравдугаар эгнээнд бичигдэж эхэлсэн. Словакийн
шигшээ 2010 оны Ванкуверийн олимпод
шөвгийн дөрөвт шалгарсан оргил амжилтаа өнөө жил давтаад байна. Одоо тэд үлдсэн
хоёр тоглолтоос ганц ялалт байгуулж, медаль хүртвэл улсынхаа хоккейн түүхэнд
шинэ хуудас бичих юм.
Олимп эхлэхээс өмнө хоккейн мэргэжилтнүүд Юрай Слафковскиг NHL-ийн драфтын 7, 8-р байраар сонгогдох боломжтой гэж таамаглаж байв. Харин Бээжинд гялалзтал тоглосных нь дараа түүнийг эхний тав дотор сонгогдох боломжтой хэмээн үнэлэх болжээ. Юрай Слафковски дөнгөж 17 настай (ирэх сард 18 хүрнэ) гэхэд тун бадриун бие бялдартай. Нурууны өндөр 193 см, жин 102 кг. Төвийн довтогчид байх бие бялдар түүнд заяажээ. Ийм нэгэн авьяаслаг залуу хоккейч Бээжингийн олимпод гялалзлаа. Залуу хүүгийн аялал хаа хүрээд зогсохыг сонирхон харуулдах үлдлээ.
“Бээжин-2022” өвлийн олимпын
эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд оролцож буй Словак улсын шигшээ баг өнөөдөр
Шведийн багтай Олимпын хүрэл медалийн төлөө тоглож байна. Тус улсын баг хагас
шигшээ тоглолтод Финландын багт 2:0 хожигдсон юм.