Чөлөөтийнхөн Истанбулын тэмцээнээс таван медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-27 13:25:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн чансаа олгох энэ оны эхний сорилт болох Ясар Догу, Вехби Эмре, Хамит Капланы нэрэмжит олон улсын тэмцээн Туркийн Истанбул хотод 2 дахь өдрөө үргэлжилж байна.


Энэ өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-д барилдсан ОУХМ Д.Отгонжаргал Бразилын Камила Барбоса /12:2/, АНУ-ын Эрин Симон Голстон /10:0/, Польшийн Анна Лукашиак /6:4/ нарыг тус тус ялж хагас шигшээд Румыны Эмилиа Алинад 6:0-ээр хожигдсон. Улмаар хүрэл медалийн төлөө АНУ-ын Фирнсайд Эми Эннтэй барилдан 12:4-өөр ялж хүрэл медаль хүртжээ.


Мөн “Токио 2020” олимпын хүрэл медальт Б.Болортуяа эмэгтэй 53 кг-д Энэтхэгийн Гелот Пүжа /11:1/, Узбекистаны Кеунимжаева Актенге /11:0/ тус тус давж, АНУ-ын Доминик Оливиа Парришыг цэвэр ялсан бол ОХУ-ын Милана Дадашева 13:8-аар ялснаар Монголын багийн 2 дахь алтан медалийн эзэн болов.


Туркт очсон манай эмэгтэй 4 тамирчин бүгд медаль хүртээд байна. Эрэгтэйчүүдийн 97 кг жинд хүчээ сорьсон Ө.Батзул эхний даваанд Гүржийн Гиви Матчарашвилид 12:1-ээр ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.


Харин +125 кг-д зодоглосон М.Лхагвагэрэл Казахстаны Юсүп Батирмурзаев /2:1/, Германы Геннади Кудинович /6:1/, ОХУ-ын бөх Ацамаз Теблоев /4:3/ нарыг тус тус хожиж финалд Туркийн Таха Акгулд 10:0-ээр ялагдаж мөнгөн медаль хүртжээ.

Тус тэмцээний эхний өдөр Монголын багаас С.Цэрэнчимэд алт, Х.Болортуяа мөнгөн медаль хүртсэн бол 2 дахь өдөр алт, мөнгө, хүрэл медаль хүртсэнээр нийт 5 медальтай болоод байна.


Өнөөдөр орой эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Т.Тулга, Ц.Цогбадрах, Г.Ханбүргэд, 74 кг-д Б.Бямбадорж, З.Сумъяабазар, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Тэмүүжин нар тус тус барилдана.

Связанные новости