Улаанбаатарт Вьетнам, Сингапур, БНСУ-ын жүдочид хамтарсан бэлтгэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Франц, Монголын жүдо бөхийн баг тамирчид Спортын төв ордонд мягмар гарагаас 14 хоногийн хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна.
“Атланта-1996” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аваргын мөнгө, ЕАШТ-ий
мөнгөн медальт Гаглиано Кристофоор удирдуулсан Францын баг тамирчид, Монголын
шигшээ багтай хамтарсан бэлтгэлээ хийж байна.
“Бид өчигдөр Улаанбаатарт ирсэн. Манай багт 13 тамирчин, 2 дасгалжуулагч, 1 массажист гэсэн бүрэлдэхүүнтэй. Жүдочид өдөрт 2 удаа хамтарсан бэлтгэл хийх бөгөөд өнөөдрийн байдлаар баг тамирчдын хувьд цаг агаар Парисаас сэрүүвтэр байгаа болон цагийн зөрүүд дасаагүй байна. Манай баг тамирчдаас 1-2 тамирчин л өмнө нь Монголд ирж бэлтгэлд хамрагдаж байсан бусад нь анх удаагаа ирлээ. Бид Токиогийн олимпоос хойш дотооддоо хамтарсан бэлтгэл хийсэн. Харин 2022 анхны гадаад дахь хамтарсан бэлтгэл энэ болж байна. Монголын жүдочид ур чадвараар олон улсад өндөр үнэлэгдэж, дэлхийд их ялгардаг. Энэ үндэсний бөхтэй нь холбоотой болов уу гэж бодогддог. Монгол жүдочдын барилдах хэв маяг, онцлог нь их сонирхолтой санагддаг учраас бид ийнхүү хамтарсан бэлтгэл хийж байна” гэж дасгалжуулагч Г.Кристоф ярилаа.
Францын жүдочид “Токио-2020” олимпын наадамд холимог багийн төрөлд алтан медалийн эзэд болсон. Харин эх орондоо болох “Токио-2020” олимпын дэвжээнд холимог алтан медалиа хослуулах, ганцаарчилсан төрөлд 1 алт, 1 мөнгөн медаль хүртэл зорилт төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэж дасгалжуулагчид нь онцолж байв.
Монголын жүдочдын хувьд “Парис-2024” олимпын мөчлөгт нэг солигдож харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ хийж байгаа бөгөөд БТСУХ-ноос энэ сард үндэсний шигшээ багийн шинэ бүрэлдэхүүнийг зарлана.
Ташрамд сонирхуулахад, МЖБХ-нд БНСУ-ын 30 хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэй жүдочид хамтарсан бэлтгэл хийх санал ирүүлжээ. Мөн энэ сард Вьетнам, Сингапур улсын жүдочид Улаанбаатарт ирж хамтарсан бэлтгэлд хамрагдах юм байна.