Сүрьеэгийн эмч, ажилтнуудад эмнэлгийн хувцас, хэрэгсэл хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д төвтэй Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг Бусаны Олон улсын хамтын ажиллагааны сантай хамтран ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба болон нийслэлийн төвийн 6 дүүргийн сүрьеэгийн диспансерын эмч ажилтнуудад халат, хантааз болон C, D амин дэмийн багцыг хандивлалаа.
Тухайлбал, эмч нарт зориулсан эмнэлгийн өдөр тутмын
халат 150 ширхэг, хүйтэн сэрүүний улиралд өмсөх хантааз 150 ширхэг, Ковид-19, сүрьеэгийн халдварын
эрсдэл өндөртэй нөхцөлд ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан C,
D амин дэмийн багц 30 хайрцгийг тус тус хүлээлгэн өгөв.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн удирдлагууд цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн
мэргэжилтнүүдэд ажлын хувцас хэрэгсэл, амин дэм хандивлаж байгаа БНСУ-ын
Бусаны олон улсын хамтын ажиллагааны сан болон түүний Монгол Улс дахь сайн дурын элч төлөөлөгч нарт
талархал илэрхийлсэн юм.
Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг 2016 оноос хойш
Монгол Улсад үйл ажиллагаагаа
явуулж байгаа бөгөөд сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн
хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулах, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах,
лабораторийн чадавхыг
бэхжүүлэх зэрэг чиглэлээр төсөл хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн.
2020 оноос Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг нь КОЙКА
олон улсын байгууллагатай хамтарсан санхүүжилтээр “Сүрьеэгийн хавьтлын
илрүүлэлт, хяналтыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны дунд
үеэс сүрьеэгийн далд халдварыг оношлох зорилгоор цусанд интерферон-гамма
тодорхойлох шинжилгээг ХӨСҮТ болон дүүргүүдэд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Бусаны олон улсын хамтын ажиллагааны сан нь 2017 оноос
хойш нийслэлийн СХД-ийн иргэдийг эрүүл мэндийн
урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг
сайжруулах чиглэлээр сайн дурын үйл ажиллагааг жил бүр зохион байгуулжээ.